“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК-д зарсан асуудлыг мөнгө угаалт хэмээн Засгийн газраас хардаж, холбогдох хүмүүсийг шалгаж, “Эрдэнэт үйлдвэр” дээр онцгой дэглэм ч тогтоогоод буй.
Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авах шийдвэр гаргасан тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд оролцсон Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг ч буруутай хэмээн үзээд байгаа билээ. Тэгвэл Аж Үйлдвэрийн сайд асан, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө.
Тэрээр,
Засгийн газрын тэмдэглэлийг ил болгосон нь зөв. 2016 оны 6-р сарын 19-ний өдрийн хуралдаан. Би Аж Үйлдвэрийн ийн сайдын хувьд энэ асуудлыг Засгийн газрын худалдаанаар хэлэлцүүлэхээр оруулсан.
Энэ тэмдэглэл дээр анхаарал татах нэг зүйл байгаа. ОХУ-ын “Ростех”-ийн захирал Сергей Чемезовын захидал энэ байна/Захиадал харуулав/ Үүнийг монгол хэл дээр орчуулалгүй та нарт тараасан байна. Тэгэхлээр, нэг талын мэдээллээр нийтэд хандаж болохгүй.
Энэ бичгийн орчуулгыг гаргаасай гэж ЗГХЭГ-аас хүсч байна. Яагаад гэвэл, энэ бичиг дээр Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах мөнгийг төр яагаад гаргах боломжгүй болсон бэ гэдгийн хариулт байгаа юм. Энэ бол Орос өөрийн эзэмшлийн 49 хувийг зарах саналтай байна гэдгээ илэрхийлж, манайд хандсан захидал шүү дээ.
Үүн дээр нэг өгүүлбэр бий. “- Энэ хувийг зарахын тулд бид төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй хугацааг тогтоосон шүү” гэдэг өгүүлбэр. “Энэ 12 хоног бол хаалтын өдөр шүү” гэх өгүүлбэр. Энэ өгүүлбэр 2016 оны 6-р сарын 1-нд үйлдэгдээд МУ-ын Засгийн газарт ирсэн. Энэ хугацаанд Оросын талын зарах хувьцааг монголын талд авахын тулд, энэ хугацаанд 400 сая доллар олохын тулд хэцүүхэн шийдвэр гаргасан юм.
Ярих амархан л даа. Мөнгө босгоод л авчих байсан гэх мэтээр. Гэвч ярих, хийх хоёрын хооронд асар том зөрүү байдгийг бүгд ойлгох хэрэгтэй. Засгийн газар хэлэлцээгүй биш хэлэлцсэн. Би ч танилцуулага дээрээ тодорхой хэлсэн. “Санхүү эдийн засгийн хувьд төр өөрөө худалдаж авах нь худлаа юм байна. Энэ 12 хоногийн хугацаанд багтахгүй юм байна” гэж. Яагаад гэвэл ээлжит бус чуулган завсарлачихсан байсан.
Би дахиад нэг зүйлийг онцолъё. Засгийн газрын хуралдааны энэ тэмдэглэл надад нууцын зэрэглэлтэй хадгалагддаг юм. Гэхдээ ил болсон учир би хэлье.
“УИХ-ын ээлжит бус чуулган завсарласан ч гэсэн худалдан авсан талаар чуулганд танилцуулан хэлэлцээрийг соёрхон батлах хуулийг хүчингүй болсонд тооцох асуудлыг УИХ-д оруулах арга хэмжээ авахыг АҮ-ийн сайд Д.Эрдэнэбатад даалгасугай” гэж бий.
Хэрэв төрд уламжлалт чанар байдаг юм бол шууд энэ асуудлыг хэлэлцэх боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь улс төрчид рүү явуулсан.
Би сайдын хувьд зарчим, бодлого хоёрын шийдэл дээр зогссон. Нэгэнт төр худалдаж авах боломжгүй учир “хүний нохой идэхээр өөрийн нохой идэг”, монгол хүн авах нь улс төрийн зөв шийдвэр гэж үзсэн.
6-р сарын 19-ний хуралдаанаар би хэлэлцүүлэхээр оруулсан. Танилцуулага хийсэн. 6-р сарын 13-ны хуралдаан дээр би байгаагүй ч гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ бол хамтын шийдэл. Энэ бол хулгайн үйлдэл огт биш. Улс төрийн шийдвэр байсан.
Би Засгийн газрын шийдвэрийг зөв гэж харж байна. Яагаад гэвэл энэ үйлдвэр 100 хувь монголын өмч болсон. Цаашид энэ үйлдвэр улс төрөийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ярьж ажиллаасай гэж би хүсч байна. 2016 онд Эрдэнэт үйлдвэр Оросын хувьд байхдаа 70 гаруй тэрбум төгрөг л улсад төлсөн байдаг. 2018 онд ес дахин нэмэгдсэн. Оросын хувь монголд орж ирснээр Эрдэнэт үйлдвэрийн Эдийн засгийн үр өгөөж нэмэгдсэн гэдгийг дээрх тоо баталж байна.
Аж Үйлдвэрийн Яаманд 90 сая доллар битгий хэл 9 сая цент ч байхгүй шүү дээ
Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд худалдаж авах мөнгө байсан юм биш үү. Мөн 400 саяын ихэнх нь Монгол банкнаас гарсан гээд байгаа шүү дээ?
- Санхүүгийн асуудлыг Засгийн газар шийддэггүй юм. 49 хувийг зарсан асуудлыг мөнгө угаалт гэж яриад байнаа даа. Мөнгө угаалт гэж юу байдаг талаар олон улсын тодорхойлолт гарах байх. Харин энэ мөнгийг буруу босгосон уу, зөв босгосон уу гэдгийг шүүх л шийднэ. Засгийн газар өөрийнхөө улс төрийн шийдвэрийг л гаргасан.
Аж Үйлдвэрийн Яамнаас 90 сая доллар шилжүүлсэн гэсэн үнэн үү?
- Нэг хүснэгт харуулаад байна билээ. Аж Үйлдвэрийн Яаманд 90 сая доллар байтугай 9 сая цент ч байгаагүй шүү дээ. Тухайн үеийн төсвийн орлого, зарлага бүгд бэлэн байгаа, та нар харах хэрэгтэй. Аж Үйлдвэрийн Яамыг энд татан оролцуулна гэж байгаа бол тийм зүйл огт байхгүй. Зээл гэж бичсэн байсан байх аа. Зээл гэвэл Хөгжлийн банкны асуудал болж хувирна. Түүнээс биш Д.Эрдэнэбат гэдэг хүн яамнаасаа 90 сая доллар гаргаад гарын үсэг зураад өгсөн зүйл огт байхгүй. Энэ бол гүтгэлэг.
ЕТГ-ын газрын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байхадаа Эрдэнэтийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК-д зарсан асуудлыг огт мэдээгүй байсан гэж мэдэгдсэн. Танай нам тухайн үеэд нэгдсэн байр суурьтай байгаагүй юм уу?
- Төрийн гурван өндөрлөг гурвуулаа Эрдэнэтийн асуудлыг мэдэхгүй байсан гэвэл худлаа. Ганцхан Ерөнхий сайд нь мэдээд ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь мэдээгүй байсан гэвэл би итгэхгүй. Төрийн гурван өндөрлөг мэдэж бйаж энэ асуудлыг оруулж ирсэн гэдэг бат ойлголтто байна, би.
2016 оны засгийн газрын хуралдааны үеэр Ч.Сайханбилэг сайдын хэлсэн үгс ихээхэн хардлага төрүүлж байна. Тухайлбал, “…ам нь сайн үдээтэй хүн оруулж ирээрэй” гэх мэт?
- Тухайн үед асуудлыг оруулж ирэхэд нууцаар хэлэлцэх ёстой гэдэг шийдэлтэй байсан. Тэр үед ерөнхий сайд ямар утгаар, юу илэрхийлснийг би мэдэхгүй. Би тэр хуралдаанд байгаагүй учраас.