Н.Номтойбаяр: Одоо бүгд шалгуулах хэрэгтэй. Ялангуяа Женко Баттулга гишүүнээ өгөөд шалгуулах хэрэгтэй. Би тэр хүний захиалгаар хилсээр хоригдож байсан хүн

Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Н.Номтойбаяр:

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон гүйцэтгэгч "Бодь" групптэй холбоотой асуудлуудыг хянан шалгах түр хороог дахин байгуулах санаачилгыг гаргаад байна. Энэхүү түр хороо нь өмнөх хяналт шалгалтын түр хорооны ажилласан байдлыг давхар хянах зорилготой юм. Одоогийн байдлаар уг санаачилгад нийт 27 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн байна.

Хуулийн дагуу 32 гишүүн гарын үсэг зурснаар асуудлыг УИХ-д өргөн барих эрх үүсдэг. Одоогоор дахин таван гишүүний дэмжлэг шаардлагатай байна. 

Өнгөрсөн хавар энэ асуудал яригдаж байхад олон гишүүд дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан ч одоогоор гарын үсэг зураагүй тохиолдол байна. Хэрэв 32 гишүүн бүрдвэл УИХ-ын даргад албан ёсоор өргөн барих болно. Энэхүү хяналт шалгалтын хүрээнд хэд хэдэн зарчмын шаардлага тавьж байна.

Тухайн үед гэрээ байгуулагдаж байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулах ёстой. Хуулийн өмнө бүгд тэгш байх зарчмын дагуу тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд болон холбогдох албан тушаалтнууд болох Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар ч мөн адил шалгуулах шаардлагатай.

Миний бие 2020 онд төрийн мөнгө завшсан гэх гүтгэлэгт өртөж байх үедээ өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгч, хуулийн байгууллагаар шалгуулж байсан.

Тухайн үед АТГ болон Прокурорын байгууллагаас надад 7.7 жилийн ял төлөвлөж, шүүхээс 5 жилийн ял оноосон ч би нэг жил хоригдсоны эцэст Дээд шүүхээс цагаатгагдсан. Иймд бусад албан тушаалтнууд ч мөн адил энэ зарчмаар шалгуулах ёстой гэж үзэж байна. Өнөөдөр шударга ёс гэдэг үг үнэ цэнгүй болж, авлига, хулгайн асуудал төрийн аюулгүй байдалд заналхийлж байна.

Ард иргэд үнэн мөнийг тогтоохыг хүсэж байгаа тул энэ асуудлыг зааглан ялгах цаг болсон. Тиймээс Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг дэмжихийг бусад гишүүдээс хүсэж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон асуудлуудын үнэн мөнийг зааглаж, хэн нь цагаадах, хэн нь хариуцлагаа хүлээж ял эдлэх ёстойг тогтоох цаг нь болсон. Өөрөөр хэлбэл, би тогтолцооны хувьсгал хийх цаг нь болсон гэж үзэж байна. Жил хойшлуулснаас нэг цагийн өмнө ч болов энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй.

Өнөөдрийн АТГ, Цагдаа, Тагнуул, Прокурор, Шүүхийн байж байгаа царайг хар л даа. Хэн нэгэн эрх мэдэлтэнд таалагдахгүй бол тэдний даалгавраар хүнийг хэлмэгдүүлдэг байдал хэрээс хэтэрлээ. Х.Нямбаатар сайдын хэлж байсан, Төрийн ордны гурван давхраас Ерөнхийлөгч шүүх, прокуроруудыг дуудаж ял өгүүлдэг гэдэг нь үнэн.

2019, 2020 онд Хууль зүйн сайдууд үүнийг хэлж л байсан. Би үүнийг биеэрээ туулж, хэлмэгдсэн хүний хувьд уурлахгүй байхын аргагүй. Намайг хүн амины хэрэгт гүтгэж, ял оноохыг оролдсон. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавыг дуудаж, намайг талийгаач Г.Батхүүгийн хэрэгт холбогдуулах үүрэг чиглэл өгч байсан юм билээ. Аз болж, тухайн үед хууль дээдлэх зарчим баримталдаг цагдаагийн дарга байсан тулдаа энэ хэрэг биелээгүй. Энэ үйл явдлыг гэрчлэх хүн нь өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.