Өмгөөлөгч Ч.Өнөржаргал: Сэтгүүлч Б.Даваахүүд холбогдох хэргийн шүүх процесс эхнээсээ хуулийн зарчмын өөрчлөлтийг мөрдөхгүй байна

Сэтгүүлч Б.Даваахүүг 2026 оны 11-р сарын 6-ны өдөр нийтийн албан тушаалтны гомдлоор хорих 461-р ангид хоригдсон юм.

Өмгөөлөгч Ч.Өнөржаргал:

Шүүхийн зүгээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг хүлээж аваагүй тул бид шүүгчийн захирамжид гомдол гаргахаар төлөвлөж байна. Өмгөөлөгчийн зүгээс хэлэхэд, Улаанбаатар хотын хэмжээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар шийдвэрлэдэг. 2025 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор цагдан хорих хугацааг үргэлжлүүлэх санал гаргахдаа зайлшгүй нотлох баримтыг хавсаргаж, түүнийгээ хэргийн талуудад танилцуулах үүрэгтэй.

Гэвч сэтгүүлч Б.Даваахүүд холбогдох хэргийн шүүх процесс эхнээсээ хуулийн энэхүү зарчмын өөрчлөлтийг мөрдөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй зөрчил дутагдлыг шүүхийн шатанд таслан зогсоохгүй байгаагаас хүний эрхийн зөрчил нэмэгдэх шинжтэй боллоо.

Шүүх эрх мэдлийн байгууллага болон шүүгч нар хууль сахиулах байгууллага, өмгөөлөгч нарын санал хүсэлтийг сонсохгүй, хуулийн хэрэгжилтийг хангахад дүлий хойрго хандаж байгаад хуульчийн хувьд гомдолтой байна. Саяхан болсон Хүний эрхийн дэд хорооны хэлэлцүүлэгт цагдан хорих арга хэмжээг гардан хэрэгжүүлдэг шүүгч нар оролцоогүй нь ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг бодитоор хэлэлцэх боломжийг хязгаарласан.

Сэтгүүлч А.Даваахүүгийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор түүнийг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, харилцааг нь хязгаарлаж байна гэх хардлага төрж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шүүгчээс ар гэрийн уулзалтыг хязгаарлаж байгаа нь эрүүдэн шүүх нэг хэлбэр байж болохыг прокурорт сануулсан.

Миний үйлчлүүлэгч эрүүл мэндийн мэдээллээ хувь хүний нууц гэж үзэн олон нийтэд дэлгэхгүй байх байр суурьтай байгаа. Түүний ээж хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд хүүгийнхээ асуудлаас болоод бие болон сэтгэл санааны хүнд байдалд байна.

МСНЭ-ийн Цахим сэтгүүл зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар:

Шүүхээс өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангалгүй, сэтгүүлчийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасанд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс харамсаж байна. Олон улсад сэтгүүлчийг залхаан цээрлүүлэх зорилготой "SLAPP" ажиллагаа гэж нэрлэдэг процесс энд явагдаж байна уу гэж харж байна. Учир нь сэтгүүлчийн үйлдэл, түүний компьютер, гар утсанд үзлэг хийж нотлох ажиллагааг нэг долоо хоногийн дотор бүрэн гүйцэтгэх боломжтой байтал 30 хоногоор сунгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Үндсэн хуульд зааснаар хэнийг ч шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож болохгүй. Гэтэл шүүхийн шийдвэр гарахаас өмнө урьдчилан баривчилж байгаа нь тухайн сэтгүүлчийг олон нийтэд гэм буруутай мэтээр харагдуулах өнцгийг бий болгож байна. Энэ нь иргэдийн мэдэх эрх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөг ноцтой зөрчиж буй хэрэг юм.

Хууль эрх зүйн орчны хувьд Үндсэн хуулийн цэцээс гүтгэхтэй холбоотой зарим заалтыг хүчингүй болгосонтой холбоотойгоор сэтгүүлчдийг буруутгах өөр үндэслэлүүдийг хайх болсон. Тухайлбал, нийтийн албан тушаалтныг заналхийлэх, бусдын эд хөрөнгийг авахаар далайлгах гэх мэт зүйл ангиудыг ашиглаж байна. Эдгээр нь объектив шинжтэй үйлдэл шаарддаг гэмт хэргүүд бөгөөд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ийм нөхцөл байдал байхгүй гэж бид үзэж байна.

Нийтээр нь сэтгүүлчдийг буруутай мэт харагдуулах, залхаан цээрлүүлэх энэ хандлага үргэлжилж байгаад харамсалтай байна.

Цаашид өмгөөлөгчийн гаргах гомдлуудыг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэйгээр хянаж үзнэ гэж найдаж байна. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.