Н.Учрал: Төсвөөр санхүүжүүлэх ажлыг Монголбанк мөнгө хэвлэж хийхийг бүрэн хориглох хууль, эрх зүйн орчин бүрдүүлнэ
-Засгийн газар төрийн өмчит компаниудын (ТӨК) ашгаар санхүүждэг зардлуудыг улсын төсөвт нэгтгэсэн бөгөөд энэхүү бодлогыг цаашид тууштай баримтална. Түүнчлэн ТӨК-уудын мөнгөн хөрөнгийн удирдлагыг Сангийн яамны Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоонд шилжүүлж, нэгдсэн удирдлагаар хангах нь зүйтэй гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна. Энэхүү асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй.
Бид бодит байдалтай нүүр тулах цаг болсон. 2012 оноос хойш сонгууль угтсан амлалтууд, ипотек, "Сайн" хөтөлбөрүүд болон "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" зэрэг төсвийн шинжтэй олон арга хэмжээг төсвөөс гадуур хэрэгжүүлж ирсэн нь өнөөдрийн хүндрэлийг бий болгосон. Төсвөөс гадуур нийт 15.8 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн байна.
Улсын төсвийг ДНБ-ий 2 хувийн алдагдалтай баталдаг ч төсвөөс гадуур хэдэн их наядаар нь мөнгө тараахад төсвийн сахилга бат ямар ч утгагүй болж байна. ТӨК-ууд ч мөн адил Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр дур мэдэн санхүүжилт хийж, зах зээлд мөнгө нийлүүлж ирсэн нь нууц биш.
Засгийн газар төсвөө тэлсэн мэт харагдаж байгаа ч үнэндээ өмнө нь хяналтгүй байсан зардлуудыг нэгдсэн төсвийн "хайрцагт" оруулж байна.
ТӨК-ийн ашгийг ТУЗ-ийн шийдвэрээр үр ашиггүй зарцуулж, зах зээлд мөнгө нийлүүлсээр байвал инфляц хөөрөгдөж, иргэдийн бодит орлого өсөхгүй. Цалин нэмсэн ч бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг энэ чөтгөрийн тойргийг таслах ёстой. Ийм байдлаар цаашид явах боломжгүй. Тийм учраас Засгийн газар төсвийн дүрмээ хатуу баримталж, Монголбанкны мөнгөний бодлоготой үйл ажиллагаагаа бүрэн уялдуулна. Олон жилийн турш төсөв болон мөнгөний бодлого тусдаа явж ирсэн, мөн үе үеийн удирдлагуудын хариуцлагагүй байдал өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн.
Монголбанкны ЕРөнхийлөгч С.Наранцогт:
-Валютын зах дээр нийт 148 их наяд төгрөг гаргасан. Интервенц хийгээд татдаг ч гэсэн энэ хооронд асуудал үүсдэг. Хамгийн гол нь Төв банзны үнэт цаасаар мөнгө үүсгэдэг. Энэ маш хурдацтай томордог мехнизм бий болсон. Энэ механизмыг зогсоохгүй бол 10 жлийн дараа 28 их наядын шинэ механизм үүсгэх нөхцөл үүсгэнэ.
Тиймээс анх удаа Засгийн газар хамтарч, энэ алдагдлыг бууруулахад хамтарч ажиллаж байгаад талархаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.