Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад (БНӨСУ) явуулж буй НҮБ-ын "UNMISS" энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, ур чадвараа дайчлан ажилласан дайчдад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальон БНӨСУ-ын Юнит муж дахь Хойд секторт нэг жилийн турш үүрэг гүйцэтгэсэн юм.
Цэргийн багийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ илтгэлдээ, үүрэг гүйцэтгэсэн нэг жилийн хугацаа нь монгол цэргийн дайчин уламжлал, сахилга бат, зохион байгуулалт, мэргэжлийн ур чадварыг олон улсад нотлон харуулсан хугацаа байсныг онцлов. Энхийг сахиулагчид энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүлжээ.
Ялангуяа өнгөрсөн хоёр, гуравдугаар сард Абьемном сууринд гарсан зэвсэгт мөргөлдөөний үеэр мянга мянган энгийн иргэний аюулгүй байдлыг хангаж, шархадсан болон дүрвэсэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлснийг Ерөнхийлөгч тодотголоо. Тус батальон нь "UNMISS" ажиллагааны "Шилдэг үүрэг гүйцэтгэлтэй батальон"-оор шалгарч, Хүчний командлагчийн шагнал хүртсэн байна.
Монгол Улс 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд анхны цэргийн ажиглагч офицероо илгээж байсан түүхтэй. Тэр цагаас хойш Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 24 мянга гаруй алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд явагдсан 23 ажиллагаанд оролцоод байна.
Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн тэргүүн ахлагч Л.Батцэнгэл, 345 дугаар нэгтгэлийн тэргүүн ахлагч О.Энхболд, 335 дугаар ангийн сургагч ахлагч А.Шатар нарыг шагналаа.
Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн Штабын дарга, дэд хуранда С.Бат-Эрдэнэ, 337 дугаар ангийн бүлгийн дарга, хошууч М.Эрдэнэбаатар, 353 дугаар ангийн тэргүүн ахлагч М.Батмөнх, 089 дүгээр ангийн жолооч, сургагч ахлагч Р.Бэгзсүрэн нарын найман алба хаагчийг шагнав.
Цэргийн хүндэт медалиар хошууч Л.Галхүү, ахлах ахлагч Д.Нэргүй нарын 53 алба хаагчийг, Энхийн төлөө медалиар ахмад С.Батболд, дэслэгч Т.Алтангэрэл нарын 188 алба хаагчийг тус тус шагнан урамшууллаа.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх энхийг сахиулах үүргээ амжилттай биелүүлсэн дайчид болон тэдний бат бэх ар тал болсон гэр бүлийнхэнд нь сайн сайхныг хүсэн ерөөж, талархал илэрхийлснээр ёслолын ажиллагаа өндөрлөв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.