Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нарны эрчим хүч ашиглах талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Уур амьсгалын технологийн төв ба сүлжээ (CTCN)-ний дэмжлэгтэйгээр OIKO LOGICA компанийн хэрэгжүүлж буй техник туслалцааны төсөлтэй хамтран “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нарны эрчим хүч ашиглах стандарт боловсруулах үндэслэл, стандартын агуулга, хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс гадна Хөдөө аж ахуйн их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн сургуулийн холбогдох эрдэмтэн судлаачид оролцжээ.
Хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Есөн-Эрдэнэ нээж, хөдөө аж ахуйн салбарт нарны эрчим хүч ашиглах олон улсын жишигт нийцсэн стандартын төслийг танилцуулан санал авч эцэслэх, хэрэгжүүлэх чиглэлийг тодорхойлох нь хэлэлцүүлгийн гол зорилго болохыг онцлов.

Хэлэлцүүлгийн хүрээнд CTCN-OIKO төслийн бодлого, эрх зүйн зөвлөх, “Ногоон зам” ногоочдын нэгдсэн холбооны тэргүүн, доктор Б.Эрдэнэболор, доктор профессор, Д.Чандмань, ШУТИС-ийн доктор Г.Мөнгөншагай, ХААИС-ийн доктор, CTCN-OIKO төслийн хүлэмжийн мэргэжилтэн Б.Нямгэрэл нар тус тус хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд нарны эрчим хүч ашиглах асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэв.


Үргэлжлүүлэн доктор Б.Эрдэнэболор нарны эрчим хүчний стандартын төслийг танилцуулж, оролцогчид стандартын хамрах хүрээ, гол заалтуудыг олон улсын жишигтэй харьцуулан хэлэлцэв. Мөн оролцогчид байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөцийн зохистой ашиглалт, түүнд тавих хяналт, аюулгүй ажиллагаа, ханган нийлүүлэгчийн баталгаа, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ зэрэг үзүүлэлтээр жишиг, норм тогтоох асуудлаар санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн төгсгөлд ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Б.Уранчимэг оролцогчдын саналыг нэгтгэн стандартыг хэрэглэх, тохирлын үнэлгээ, баталгаажуулалт хийх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нарны эрчим хүч ашиглахад төрөөс дэмжлэг үзүүлэх, ногоон зээлд хамруулах боломжийн талаарх нэгдсэн дүгнэлтийг танилцуулж, дараагийн алхмуудыг тодорхойлов.
Ингэснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчийг системтэй нэвтрүүлэх, санхүүгийн дэмжлэг авах таатай орчин бүрдэх чухал ач холбогдолтой. Цаашид хэлэлцүүлгээр гарсан санал, зөвлөмжийг тусган стандартын төслийг эцэслэн боловсруулах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.