“Акуа гарден” хорооллын газар олголт “Дунд голын онцгой хамгаалалтын бүс”-д хамрагдах буюу хууль бус гэж Улсын дээд шүүх дүгнэжээ
“Акуа гарден” гэх тодотголтой “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүллээ
2023 онд Нийслэл хотод болсон томоохон үерийн улмаас иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангахыг тулд тухайн үед Нийслэлийн засаг дарга асан Д.Сумъяабазар "Авлига хороолол" гэж нэрлэгддэг "“Акуа гарден” хорооллын хоёр блокыг албадан нураах захирамж гаргаж байсан. Гэвч асуудал бүрэн шийдэгдэж чадалгүй жилийн турш үргэлжилж, зарим блокийн зөвшөөрөл болон газар эзэмших эрхтэй холбоотойгоор анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанууд хэд хэдэн удаа (2023, 2024, 2025 онуудад товлогдож хойшилж байсан ба 2026 оны дунд хүртэл хэсэгчилсэн байдлаар) явагдсан. Энэ сарын 11-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шалтны захиргааны хэргийн хуралдаанаар тус хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн ““Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын “Дунд голын онцгой хамгаалалтын бүс”-д давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.
Хяналтын шатны захиргааны хэргийн 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар “Акуа гарден” гэх тодотголтой “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-т тус тус холбогдох хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцлээ.
Анхан шатны шүүхээс “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “... нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох гурван нэгж талбар бүхий газрын хоёрынх нь Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нийслэлийн Ерөнхий архитекторын “2022 оны ХТХ2022/00-189 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох болон бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд “нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч Засаг дарга 2018 оны А/1111 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 2013 онд “ногоон байгууламжийн зориулалтаар” олгосон 11.8 га газрын хэмжээ, зориулалтыг
“1) 29444 м.кв газрыг үйлчилгээ,
2) 79875 м.кв газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор,
3) 2642 м.кв газрыг үйлчилгээний зориулалт”-тай болгон өөрчилсний зарим хэсэг нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас “... Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчиж, усны онцгой хамгаалалтын бүсэд цаашид барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмших эрх олгуулахгүй байх” гэсэн агуулгатай нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гаргасны хүрээнд хариуцагч нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн ““Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын газрын “Дунд голын онцгой хамгаалалтын бүс”-д давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.