Б.Пүрэвдавга: Энэ жилийн түлш хүхэр багатай, тоосжилт багатай гэдэг судалгаа гарсан

НИТХ-ын хуралдаан болж байна. Хуралдаан дэээр төлөөлөгч Т.Батцогт өвөлжилтийн бэлтгэл ажил, тэрдундаа түлш нийлүүлэлт, борлуулалтын талаар асуудал хөндсөнийг онцлон хүргэж байна. 

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:

-Гэр хорооллын айл өрхийн тоо буурахгүй байгаа нь агаарын бохирдол, утааны асуудлыг дагуулсаар байна. Жил бүр бэлтгэдэг сайжруулсан шахмал түлшний нөөц, хангамж одоогоор ямар түвшинд байна вэ.

БНХАУ-аас импортлох түлшний тендер шалгаруулалт цуцлагдсан гэх мэдээлэл гарсан. Сонгон шалгаруулалт дуусаж, гэрээ байгуулан нөөц бүрдүүлэх, айл өрхүүдэд түгээх ажил хэрхэн үргэлжилж байна вэ? 

Арван нэгдүгээр сар гарч, шөнөдөө хасах градус руу орж хүйтэрч байгаа тул иргэдийн дулаан хонох, түлшний хэрэгцээг хангах ажил нэн чухал байна.

Ес, аравдугаар сард Баянзүрх дүүргийн болон бусад өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эдгээр байгууллагуудын тоног төхөөрөмж, эм тарианы хангамж хангалтгүй байгаа нь ажиглагдаж байна. Өвлийн улиралд ханиад, томууны дэгдэлт ихсэх үеэр өрхийн эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, үйлчилгээ доголдох эрсдэл харагдаж байна. Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ямар арга хэмжээ авч, бэлтгэл хангаж байгаа вэ?

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва:

-Хагас коксын татан авалт хэвийн үргэлжилж байна. Тендертэй холбоотой гомдол гарсан ч тухайн байгууллага гомдлоо татаж авснаар ажил саадгүй үргэлжлэх боломж бүрдсэн.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш бэлтгэхээр төлөвлөснөөс одоогоор 45,680 тонн түлшний нөөц бүрдээд байна. Нийт 446 цэгээр борлуулалт хийж байгаа бөгөөд зүүн бүсийн үйлдвэр өдөрт 1,400 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна.

Энэ жилийн түлш нь хүхэр болон тоосжилт багатай болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон.

Халаалтын улирал есдүгээр сарын 15-аас эхэлсэн бөгөөд одоогоор үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.