Л.Мөнхбаясгалан: Уул уурхайн компаниуд нэг хайрцаг тамхины үнээр буюу 6000 төгрөгөөр 5 тонн усыг ашиглаж байна!
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан ч зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан юм. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан тус хуулийн талаар тайлбарлаллаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Усны тухай хуулийг шинэчилж, найруулаагүй 12 жил болсон юм билээ. Бүтэн 12 жилийн турш үзэл баримтлалгүй болчихсон. Энэ хуулийг яагаад өөрчилдөггүй юм бол гэж гайхдаг байсан. Ингээд 9 сарын турш судалгаа хийж, маш олон хэлэлцүүлэг хийсэн. Харин одоо энэ хуулийг яагаад гацаагаад байдаг байсныг би ойлгож байна.
Усны хуулийг батлуулах, усыг хамгаалах, хүн ардыг эрүүл, аюулгүй усаар хангах сонирхол гишүүдэд байдаггүй юм байна. Уул уурхай компаниуд нь усыг ашиглаж, ашгийг авч байх ёстой юм байна.
Өнөөдөр энэ хуулийг оруулах үед баахан бужигнаан үүссэн. Энэ хуулийг батлуулахгүй гэж байна.
Өнөөдөр Монгол Улсын 9 аймгийн 56 сумын 817 мянган иргэн ундны эх үүсвэргүй болсон. Тэр бүх иргэн БОУАӨЯ-д ундны усны эх үүсвэртэй болгож өгөөч гэдэг хүсэлт өгсөн. Уул уурхайд хэрэглэдэг усыг ард иргэд нь ууж байгаа.
Гэтэл уул уурхайн компаниуд нэг хайрцаг тамхины үнээр буюу 6000 төгрөгөөр 5 тонн усыг ашиглаж байна! Цаашид дахиад хэрэглэнэ. Үүнээс болж 887 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг уул уурхайн компаниуд ус хэрэглэсний төлөө авч байгаа.
Гэтэл 56 сум, 816 мянган иргэнээ эрүүл усаар хангахад 10 гаруйхан тэрбум төгрөг хэрэгтэй. Өрөвдмөөр байгаа биз? Гэтэл үүний өмнө УИХ сөхрөх гэж байна!
5 онн усаар гэр хорооллын нэг иргэн 6 сар амьдардаг болон орон сууцны нэг иргэн 3 сар амьдардаг. Харин Оюутолгой 1 гэж тоолоход л 5 тонн ус хэрэглэдэг.
Өнгөрсөн цаг хугацаанд монгол хүнээ, байгаль экологио ч ойшоож үзээгүй. Зөвхөн уул уурхайгийнхан уурлачих вий дээ, буцаад явчихвий дээ гэж л явж иржээ. Нэг удаа ч болов усны нөөцөө хамгаалъя, хүн ардаа цэвэр усаар хангая гэдэг бодлого яагаад гаргаагүй юм бэ. Үүнийг тавих оролдлого хийхээр ингэж нухчин дарсаар байх юм уу?
Усны хуулийг эсэргүүцэж байгаа гишүүд дандаа ардаа уул уурхай, жоншны компани, баяжуулах үйлдвэртэй гишүүд байна.
Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнснээс бусад зориулалтаар цэвэр усыг хязгаарлах заалт бий. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа ч хэрэгжүүлэхгүй байна!
Энэ хуулиар уул уурхайнхны төлбөрийг ердөө 3 төгрөгөөр л нэмье гэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.