Д.Лүндээжанцан: Их засаг хууль бол эрхзүйн универсализм буюу дэлхий дахины шинжтэй хууль байжээ

Их Засаг ба хууль засаглахуй эрдэм шинжилгээний хуралдаанд УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан "Их засаг ба Монголын эзэнт гүрний универсализм" сэдвээр илтгэл тавилаа. Түүний яриаг онцлон хүргэе. 

Шинжлэх ухааны гавьяат Д.Лүндээжанцан:

-Их Засаг хууль нь хүн төрөлхтний түүхэн дэх эрх зүйн универсализм буюу дэлхий дахины шинжтэй хууль цаазын үзэл санааны тод илрэл юм.

Эртний Вавилоны Хаммурапийн хууль, Энэтхэгийн Манугийн хууль, Ромын 12 хүснэгтийн хууль зэрэг нь тухайн бүс нутагтаа ач холбогдолтой байсан бол Их Засаг хууль нь Евразийн эх газрыг бүхэлд нь хамарсан өргөн хүрээнд үйлчилж байснаараа онцлогтой.

Их засаг хуулийн үндсэн зарчмууд болох төр байгуулах, төр засах ёс, аж байдлын болон эрүүгийн цааз нь бусад улс орнуудад үлгэр загвар болон хэрэгжиж ирсэн түүхтэй.

Геополитикийн хувьд тухайн цаг үед универсал эрх зүйг хэрэгжүүлж байсан хоёр гол хүчин нь Их Монгол улс болон Ромын эзэнт гүрэн байв. Ромын эзэнт гүрэн мөхсөн ч Ромын пап шашны замаар Европ дахинд нийтлэг хэм хэмжээг тогтоож байсан бол Монголын эзэнт гүрэн төрийн бодлогоор энэхүү дэг журмыг сахиулж байлаа.

1246 онд Гүюг хаанаас Ромын папд илгээсэн захидал болон Аргун хаанаас Францын Гоо Филипт бичсэн захидлууд нь олон улсын харилцааны универсал шинжийг илэрхийлэх эрх зүйн чухал баримтууд юм. Эдгээр харилцан бичигт эрх зүйн талаас задлан шинжилгээ хийхэд Их Засаг хууль нь дэлхийн эрх зүйн универсализмын үндэс суурийг тавьсан болох нь харагддаг.

Их Монгол улсын бүрэлдэхүүн улсууд болох Юань, Зүчийн улс (Алтан Орд), Ил хаадын улс болон Цагаадайн улсууд Их Засгийн үндсэн зарчим, үнэт зүйлийг өвлөн авч хэрэгжүүлсэн. Тэд өөрсдийн бүс нутгийн онцлогт тохирсон хууль тогтоомжийг гаргахдаа Их Засгийн үзэл санааг суурь болгож, орон нутгийн хууль цаазтай уялдуулан баяжуулж байв. Энэхүү эрх зүйн нэгдмэл чанар болон олон ургальч байдал нь тухайн улс орнуудын төрийн тогтвортой байдал, энх амгаланг цогцлоох үндэс болсон юм.

Их Засаг хуулийн эх сурвалжуудыг судлахад Египетийн хуульч Аль-Макризи, Ибн Баттута нарын тэмдэглэлээс гадна сүүлийн үед Солонгосоос олдож буй баримтууд чухал ач холбогдолтой байна.

Тухайлбал, гэр бүлийн цаазад эзлэгдсэн буюу дагаар орсон улс орны эмэгтэйчүүдийг хүчээр гэрлүүлэхийг хатуу хориглож, малын хулгайтай тэмцэх заалтуудыг Юань улсын хууль тогтоомжид уламжлан үлдээсэн байдаг.

Эрх зүйн универсализм гэдэг нь зөвхөн тухайн улсдаа төдийгүй, харьяа болон гадаад орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны нийлбэр цогц, олон улсын харилцааны нэгдмэл дэг журам юм.

Их Засаг хуулийн 820 жилийн ойг тохиолдуулан энэхүү түүхэн ач холбогдлыг дэлхий дахинд сурталчлах нь манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.