УИХ-ын гишүүн Ц.Баатархүү "Төрийн үйлчилгээний дарааллыг ил болгох тухай" тогтоолын төсөл боловсруулжээ
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү "Төрийн үйлчилгээний дарааллыг ил болгох тухай" тогтоолын төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн Цэндийн Баатархүү "Төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгох тухай" тогтоолын төсөл санаачлан боловсруулжээ. Газар, орон сууц, зээл, тэтгэлэг, улсын дугаар гэх мэт төрөөс хамааралтай, нөөц нь хязгаарлагдмал үйлчилгээнүүд Монголд байгаа ч хэдэн зуун мянган иргэн төрийн дараалалд зогсож байна. Тэдний хэн нь ч өөрийн дугаарыг мэдэхгүй. Төр шалгуураа нийтэлдэг ч хэдэн хүн хүсэлт гаргасан, хэдэн оноогоор тэнцсэн, хэн яагаад түрүүлсэн тухай нийтэлдэггүй.
Газар өмчлөх тухай:
2026 оны байдлаар нийт 75,903 өргөдөл шийдвэрлэгдээгүй байна. Мөн газрын хүсэлт гаргагчдын 53 хувь хуулийн хугацаанд хариу аваагүй, 40 хувь нь жил гаран хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл нийслэл хотод 10 хүн тутмын 8 нь газаргүй. Газрын эзэмших хүсэлт өгсөн ч өөрийн өргөдөл хэдүгээрт байгааг хэн ч мэддэггүй байна.
Орон сууцны зээл:
Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн 7.9 их наяд төгрөгийн хүсэлт дараалалд байна. Жилд 1 их наяд орчим төгрөг олгодог тул өнөөдөр хүсэлт өгсөн гэр бүл 7–8 жил хүлээхээр байна. Банк бүр өөрийн дараалал хөтөлдөг тул 45 мянга орчим өрх давхардан бүртгэгдсэн, хэн нь ч өөрийн байраа харж чаддаггүй. Төрийн орон сууц. «Солонго-1, 2»-т 5,002 айл хамрагдана. Хуваарилах журам гарсан ч хэрхэн хуваарилах нь хүнээс хамааралтай байна.
Газрыг орон сууцаар солих:
Нийслэлд 2026 онд 20,218 нэгж талбарт газар чөлөөлж, нөхөн олговорт 200 тэрбум төгрөг зарцуулна.
Хэдэн өрх солилтыг хүлээж байгаа, хэн түрүүлж авдаг нь нийтлэгддэггүй. Жижиг, дунд үйлдвэрийн зээл. ЖДҮ зээл нь жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн авахыг хүсдэг зээл боловч сонгон шалгаруулалтын зараас бусад нь хаалттай байна. Тухайлбал 2026 онд зөвхөн Дархан-Уул, Төв аймагт 173 төсөл 25.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн. Харин хэдэн төсөл, хэдэн оноогоор тэнцсэнийг нийтэлдэггүй.
Тэтгэлэг, оюутны зээл:
2025 онд Боловсролын зээлийн сан гадаадад суралцах зээлийн шалгаруулалтад 70 оюутныг тэнцүүлж, 116 оюутныг шаардлага хангаагүй гэж мэдэгдсэн. 2026 онд гадаадад зээлээр суралцагчдын тоог 90 орчим хувиар бууруулж, шалгаруулалтад тэнцсэн 60 оюутныг санхүүжилтгүй нөөцөд үлдээсэн. Мөн тэнцсэн тухай мэйл илгээсэн оюутнуудад дараа нь «алдаа гарсан, тэнцээгүй» гэж буцаан мэдэгдсэн. Журам 2025 онд шинэчлэгдэж, 2026 онд сайдын тушаалаар дахин өөрчлөгдсөн байна.
Нийслэлийн улсын дугаар:
НИТХ 2024 оны 2 дугаар сард нийслэлд олгох улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга гэж тогтоосон ч тухайн үед 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. 2025 оны 1-р сараас системд хүсэлтийг дараалалд бүртгэж эхэлсэн ч дугаарыг олгож эхлээгүй байв. Энэ хугацаанд дугаар зах зээлд 2 сая орчим төгрөгөөр зарагдаж байсан.
Төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгох тогтоол батлагдвал 30 хоногт төрийн үйлчилгээний шалгуур, хүсэлтийн тоо, тэнцсэн оноо, нэрийг нууцалсан эрэмбэ нийтлэгдэнэ. 2027 оны 7 дугаар сарын 1-ээс иргэн өөрийн дугаарыг “E-Mongolia”-аас болон биечлэн мэдэх болно. Асуудал нь дараалал биш, харин дараалал ил тод биш байгаа нь авлигын эрсдэл үүсгэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.