“Аргалант Транс” ХХК Зөөвч-Овоо төслийн хүрээнд орон нутгийн авто замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Дорноговь аймгийн “Аргалант Транс” ХХК Зөөвч-Овоо ураны төслийн талбайг Улаанбадрах сумын төвтэй холбох 60 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, энэ сарын 1-ний өдөр ажлаа эхлүүллээ. Барилгын ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэж, 2028 оны гуравдугаар улиралд дуусгахаар төлөвлөж байна. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал мөн холбогдох орон нутгийн удирдлага болон иргэд оролцов.
Уг авто зам нь Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо төслийн талбайг Улаанбадрах сумын төвтэй холбож, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Төслийн хүрээнд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, Дорноговь аймаг, тэр дундаа Улаанбадрах сумын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллах, бараа материал нийлүүлэх, хангамж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Зөөвч-Овоо ураны төсөл 1600 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болгож, үндэсний компаниудтай хамтран ажиллахыг зорьж байна.
Монгол Улсад хэрэгжиж буй томоохон төслийн үр өгөөжийг орон нутагт нэмэгдүүлэх, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангах, нутгийн иргэдэд ажлын байр бий болгох зорилтуудыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан. “Аргалант Транс” ХХК-ийн оролцоо нь эдгээр зорилтын хэрэгжилтийн нэг хэсэг юм.
“Бадрах Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Корали Прин авто замын ач холбогдлыг онцлон тэмдэглэхдээ: “Монголчууд “Зам дагаж хөгжил ирдэг” хэмээн ярьдаг. Үнэхээр зам бол зөвхөн хоёр цэгийг холбодог дэд бүтэц биш. Зам нь хүмүүсийг холбож, бараа бүтээгдэхүүний урсгалыг нэмэгдүүлж, орон нутгийн хөгжилд шинэ боломж бий болгодог. Бид энэхүү авто замыг Зөөвч-Овоо төслийн хэрэгцээг хангахын зэрэгцээ бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах дэд бүтцийн чухал хэсэг болно гэдэгт бүрэн итгэж байна” хэмээв.

“Аргалант Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбаяр бүтээн байгуулалтад оролцож буй талаараа: “Нутгийнхаа хайрхны нэрээр нэрлэгдсэн орон нутгийн компанийн хувьд нутагтаа хэрэгжиж буй дэлхийн жишигт нийцсэн төсөлд оролцож байгаадаа үнэхээр бахархаж байна. Үүний зэрэгцээ энэ нь бидэнд асар их үүрэг, хариуцлага хүлээлгэж байна. Замын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь, шаардлагатай чанарын түвшинд бүрэн гүйцэтгэх нь бидний гол зорилго юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтад үндэсний аж ахуйн нэгжүүдийг оролцуулж, орон нутгийн иргэдэд ажлын байр бий болгох нь Хөрөнгө оруулалтын гэрээний зорилтуудын нэг юм. Авто замын барилгын ажил эхэлснээр эдгээр зорилтыг хэрэгжүүлэх, үндэсний компаниудын оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах ажил бодит шатанд шилжиж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.