Малчин Д.Мөнхчулуу: Монголчууд бидний дэлхийд гайхуулах ганцхан зүйл нь нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуй

Дорноговь аймгийн Мандах сумын малчин Д.Мөнхчулуу СОР17 хуралд малчдын дуу хоолойг хүргэхээр иржээ. Гэвч түүний хувьд СОР17 дээр ирсэн гадны, дотны эрдэмтэн судлаачдад малчдын дуу хоолойг хүргэх боломж маш хомс байгааг онцолж байлаа. Түүний хувьд Байгаль орчны сайдын оролцсон нэг хуралд босож цөөн үг хэлэх болмж л олдсон талаар хэлж байв. Тэрээр 2022 онд уурхайн нөлөөлөлд автсан бэлчээр нутгаа хамгаалж хэлж байсан үг нь монгол орон даяар малчдын дуу хоолой болон түгэж байсан билээ. Түүний ярилцлагы хүргэе. 
 
Дорноговь аймгийн Мандах сумын малчин Д.Мөнхчулуу:
 
Би гэрээсээ гараад сумын засаг даргын хаалгыг мөргөсөн, тэндээсээ аймгийн шийдвэр гаргах түвшний хүний үүдийг мөргөсөн. Тэгээд Засгийн газрын үүдийг мөргөсөн. Миний дуу хоолой ингээд зогсох ёстой юу? Үгүй!
Монголын малчид гэдэг чинь монгол орныг цөлжүүлдэг биш авардаг улсууд юм. Ухдаг биш ургадаг баялгийг бүтээдэг хүмүүс гэдгийг би дуулгахын тулд СОР17 дээр ирсэн...
 

-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд нэрвэгдэж байгаа гол бүс нутгийн малчин хүний төлөөлийн хувьд та өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа талаар яриач?

-Би Дорноговь аймгийн Мандах сумаас ирсэн малчин Мөнхчулуу гэдэг хүн. Манай бүс нутагт том том төсөл хэрэгжсэнээрээ малчид бидний амь амьжиргаанд маш хүндээр нөлөөлж байна. Манай говь нутагт чинь цөлжилт явагдаж эхэлсэн. Усны хомсдол, бэлчээрийн доройтол маш ихээр явагдаж эхэлсэн. Бидний нүдэн дээр ус маань устаж үгүй болоод байна. Ил задгай гардаг булаг шанд маань ширгэж байна. Гүний худгийн усны түвшин доошилсон. 

Бид малаа услахын тулд худгаасаа тонны савнуудаар ус нөөцөлж байж малаа усалж байна. Дээр нь бэлчээрийн хомсдол үүссэн. Уурхайн нөлөөлөлд ажиллаж амьдарч байгаа гэхгүй бүх иргэдийн амь амьжиргаа залгуулдаг гол эх үүсвэр бэлчээрийн МАА байдаг. Гэтэл бэлчээр нь хомсдоод ирэхээр мал нь тарга тэвээр авахгүй, ноос ноолуур нь ургахаа байгаад эхэлсэн. 

Том том төслүүд хэрэгжүүлэхдээ байгаль орчны үнэлгээ гэдэг юмыг л хийдэг болохоос нийгмийн соёлын үнэлгээг огт хийдэггүй учраас л тухайн нийгэмд байгаа хүн, мал, иргэд бүхий л зүйл нь орхигдоод, эрх нь зөрчигдөөд ажиллаж амьдрах нөхцөлгүй болоод байна.

Яг миний амьдрал дээр хэрхэн тусаж байна вэ гэвэл, би тэр уурхайн нөлөөлөлд өртөөгүй байхдаа миний малаас гарсан ноос ноолуур зах зээлд адилхан өндөр үнээр борлогддог байлаа. Гэтэл өнөөдөр нөлөөллийн бүсэд өртсөн малын маань ноос ноолуур зах зээлд үнэгүйдэж байна. Би нутагтаа 1кг ноолуураа 150 мянгаар өгдөг байсан бол өнөөдөр 100 мянгаар гуйж гуйж өгч байна. Тэр тусмаа ченжүүд нь нөлөөллийн бүсийн айлын ноолуурыг авахгүй гэдэг болсон.

Малчид бидний ганц амьжиргаагаа залгуулдаг орлого нь хавар ганцхан удаа авдаг ямааны ноолуур. Гэтэл тэрийг маань авахгүй гэдэг болсон. Нөлөөллийн бүсийн ноолуур хортой утаатай, хог шороотой гээд авахгүй байна аа гэдэг чинь малчин бидний амьдралд санхүү эдийн засгийн асар том хохирол. Үүн дээр нь нэмээд эрүүл мэндээрээ хохирч байна.

-Уул уурхай, малчин хоёр яагаад ч зохицож амьдрах боломжгүй!-

Уул уурхай, малчид хоёр яаж зохицож амьдрах юм бэ? Уул уурхайгаас болоод ганцхан тоосжилт үүсдэггүй.  Ус нь ховордож байна, байгаль нь бохирдож байна, ургамалгүй болж байна, ан амьтан, араатан жигүүртэнгүй боллоо.  Түүнийг нь идэж, ундаалдаг мал сүрэг маань тарга тэвээрэг авахаа байлаа.

Бид эрүүл бүс нутагт эрүүл хүнсийг үйлдвэрлэдэг байсан. Бид ганцхан өөрийнхөө өмчийг маллаад тэнд байж байгаа биш. Дэлхий нийтэд гаргадаг Монгол махыг үйлдвэрлэдэг мал сүргийг үе удам дамжин маллаж байгаа юм. Гэтэл өнөөдөр хавчигдаад, хумигдаад ус бэлчээргүй болоод байж байна. 

Би өөрийнхөө амь амьжиргааны төлөө энд ирж зогсоогүй. Нийт Монголынхоо ард иргэдийн өмнөөс, тэр олон мал сүрэг, ус бэлчээрийг хамгаалахын тулд, тэдний төлөө дуу хоолойг СОР17-д хүргэхийн тулд ирсэн. 

Уул уурхайн төсөл хэрэгжсэнээрээ малчин бидний урд "улаан шугам" татагдчихаад байна. Малчид бидэнд үүнээс цааш уух ус, бэлчээр байхгүй болсон. Тиймээс энэ төслүүдээ эргэж хараач,  цөөн, үр дүнтэй хэдэн төсөл Монгол орныхоо хэмжээнд явуулаач. Үе дамжин өвлөж ирсэн уугуул иргэдийнхээ, малчин түмнийхээ газар нутаг, ус бэлчээрийг харж үзээч, хамгаалаач гэж хэлэхээр энд ирсэн. 

Төсөл хэрэгжүүлэхдээ ядаж тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн оролцоотойгоор үйл ажиллагаагаа явуулаач, тэдэнтэй хэлэлцэж, зөвшөөрлийг нь авдаг байгаач, нийгмийн соёлын үнэлгээний хуультай болгож өгөөч гэж би дэлхийн олон эрдэмтэн, доктор судлаачдад дуу хоолойгоо хүргэхийн тулд нутаг орноо орхиод, тэнд байгаа малчдаа төлөөлөөд, хэдэн 100км-ийн холоос энд ирсэн.

-Та бүхнийг уул уурхайн төслүүдээ зогсоо, малчдын дуу хоолойг сонс гээд ярихаар уурхай хөгжиж байж улс хөгждөг, малчид шантааж хийж байна гэж ойлгодог хүмүүс их бий шүү дээ? 

-Бидний хотонд очиж нэг өдөр хонож үзээгүй байж, малчид бид ямар хөдөлмөр эрхэлдэг, яаж ажиллаж, амьдардгийг мэдэхгүй байж бидний өмнөөс шийдвэр гаргаад байна. Тийм учраас тэнд ажиллаж, амьдардаг хүмүүсийн оролцоотойгоор,  тэр хүмүүсээс зөвшөөрлийг нь авч, ярилцаж, ойлголцсоны үндсэн дээр л шийдвэрийг гаргадаг байгаач гээд байгаа юм.

Энэ бэлчээр ус, газар нутаг гэдэг чинь ганцхан малчин биднийх биш. Үе дамжин уламжлагдаж ирсэн малчин монгол хүний ганц өмч бол үр хүүхэд үр хойчдоо үлдээх нутаг ус, ургамал бэлчээр, эх орон минь юм. 

Өнөөдөр надад үр хүүхдүүддээ өвлүүлэх алт мөнгө, хөрөнгө байхгүй. Харин ус бэлчээр, нутаг усаа эх оронтойгоо элэг бүтнээр нь үр хүүхдүүддээ үлдээчих юм бол тэд цаашаа үеийн үед, удмын удамдаа ажиллаж амьдраад явчих юм. 

-Малаас гарч байгаа бүтээгдэхүүнээр гадаадад гангардаг хэрнээ малыг нь адгуулж, малладаг малчдыг нь яагаад ад үзээд байдаг юм бэ?-

-Тухайн бүс нутагт амьдарч байгаа, нөлөөлөлд өртөж байгаа иргэд, малчдын үгийг сонсохгүйгээр шууд шийдвэр гаргадгаас болоод малчид, уурхай хоёрын хооронд хэрүүл тэмцэл болдог. Танай бүс нутагт яг яаж байна вэ? 

-Ганцхан манай нутагт гэхгүй, Монгол орны хэмжээнд уурхайн  том том төсөл хэрэгжсэнээр маш олон тэмцэл, хөдөлгөөн болж байна. Манай Монгол орон чинь баялаг учраас ан амьтнаар нь хүртэл оролдоод, хэрүүл тэмцэл үүсч байна. 

Би гэрээсээ гараад сумынхаа Засаг даргын өрөөний үүдийг мөргөсөн. Тэндээсээ гараад аймгийн шийдвэр гаргах түвшний хүний үүдийг мөргөсөн. Тэндээс гараад Засгийн газрын ордны үүдийг мөргөсөн. Тэгээд миний хэмжээ одоо ингээд зогсох ёстой юу?  Үгүй! Би яагаад энэ СОР17 гэж дэлхийн олон малчин цуглаж байгаа энэ хуралд дуу хоолойгоо хүргэж болхогүй гэж?  Бидний асуудлыг Монголын удирдлагууд шийдэж чадахгүй байгаа юм бол би дэлхийн хэмжээнд сонсгох ёстой гээд СОР17 дэрэ ирсэн. 

Монголын малчид гэдэг чинь Монгол орныг цөлжүүлдэг биш, авардаг улсууд юм. Ухдаг баялгаа биш ургадаг баялгийг хөгжүүлдэг, үеийн үед, удмын удамд бид Монгол Улсаа тэжээгээд ирсэн юм гэдгийг нь ойлгуулахын тулд энд ирсэн.

Миний дуу хоолой энэ монгол орондоо хумигдаж байгаа бол дэлхийн олон хүмүүсийн нэгд ч гэсэн сонсгох гэж ирсэн. Гэтэл би 4 өдрийн турш СОР17-ийн хурлаар явахад ганц ч дуу хоолойгоо хүргэх боломж надад олдохгүй байсан. 

Нэг ч үг хэлж чадахгүй нутагтаа очих эрх надад байхгүй. Би үр хүүхдийнхээ төлөө, эх орныхоо төлөө, нутаг усныхаа төлөө дэлхийн энэ олон хүмүүст ганц ч үг дуулуулахгүй буцаж явах эрх надад байхгүй. Би зоригтой, зорилготой ирчхээд юу ч хэлж чадахгүй буцаж болохгүй шүү дээ.

Өнөөдөр/2026.08.20/ би Байгаль орчны яамны нэг хурал дээр суухдаа, олон хүмүүсийн өмнө босож байгаад ганц хоёрхон үг хэлэх боломж олдсон. Нийгмийн соёлын хуультай болгож өгөөч гэж би сайдаас нь гуйсан. Яг үнэндээ үйлдэл болоод, цагаан цаасан дээр хараар бичигдээд гараад ирвэл үеийн үед, удмын удамд минь хэрэгтэй юм даа л гэж найдаж байна. 

Ийм хуульгүйгээс болж уул уурхайн төсөл эхлүүлэхээд байгаль орчны үнэлгээ хийсэн болоод, багийн ИНХ-аар танилцуулаад, иргэд зөвшөөрсөн, үгүй нь хамаагүй шууд үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг. Гэтэл үүний цаана дан ганц малчид биш өчнөөн олон иргэд хохироод үлддэг. Тэнд ажиллаж байгаа уурхайн ажилчид ч хохирч л байна. Тэнд орон нутаг ажиллаж амьдарч байгаа сумынх нь ард иргэд ч хохирч байна.

Уурхайн нөлөөллийн бүсэнд байгаа бид өвчтэй болсон шүү дээ. Өглөө нь уурхайн тоосжилт, утаа униарт нь хордоод л босож ирдэг.  Дотор муухайраад, бөөлжөөд сууна. Хэдэн өдөр би угаартаж босож ирэх юм бэ, нэг өдөр угаартаад босохгүй байх магадлал маш өндөр. Тийм учраас би хүүхдээ хүртэл одоо тэр бүс нутгаас хол амьдруулж байна.  Энэ чинь эмгэнэл биз дээ. 

-Өнөөдөр СОР17 дээр танд  үг хэлэх өөр боломж алга байна уу? 

-СОР17 дээр малчдын оролцоо дутуу байна л гэж бодож байна. Гэтэл энэ сайхан үзэсгэлэнгүүдээр нь яваад үзлээ. Тэнд хананд нь наасан зураг нь дандаа малчдын л зураг байна. Малчдын ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүн нь байж байна.  Тэгээд яагаад малчдын дуу хоолойг боомилоод, яагаад малчдынхаа дуу хоолойг энэ дэлхийн хэмжээнд хүргэж болохгүй байгаа юм бэ?

Хоёр бөхт тэмээнийх нь зураг байж байна, 5 хошуу малынх нь ноос, ноолуураар хийсэн, сүү цагаан идээнээс нь гарсан бүтээгдэхүүнээр нь гангарч, монгол орныхоо үзэсгэлэнг гадаадын хүмүүст таниулчхаад, тэрийг адгуулан маллаж байгаа малчдынх нь дуу хоолойг яагаад хүргэж болдоггүй юм бэ? Тэр малчдаа яагаад хамгаалж болдоггүй юм бэ? 

Бид нарт юм өг гэж бид нар төрөөс гуйгаагүй шүү дээ. Ганцхан ус бэлчээрийг минь л элэг бүтнээр нь өгчих л хамгаалаад өгчих, үлдээчих л гэж гуйгаад байгаа шүү дээ. 

Бидний өвөг дээдэс дээврээ цоортол нь нүүдэл хийсэн, дээлээ гандтал мал дагасан. Өглөөн нарнаас аваад үдийн нарыг шингэтэл хөдөлмөрлөж үзсэн юм. Эх нутгаа элэг бүтнээр нь эх оронтой нь үр хүүхдэдээ үлдээгээд явсан. Гэтэл бид нар одоо тэрийгээ өв уламжлуулаад үр хүүхдэдээ үлдээх ёстой байтал одоогийн энэ нийгэм нь малчид иргэдийг минь боомилоод байна. Газар нутгийг минь одоо дээрэмдээд байна. Ус бэлчээрийг нь цөлмөөд байна, цөлжүүлээд байна. Энэ нь одоо малчин бидний яагаад буруу гэж! 

Монголчууд бидний дэлхийд гайхуулах ганцхан зүйл нь нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуй. Гадна дотны жуулчид ирэхэд та нар хөдөө рүү л аваад давхидаг, хөдөө очоод малаа л үзүүлдэг биз дээ?
Хөгжил гэдэг чинь өндөр давхарласан байшин биш, өргөн уудам тал чинь байдаг юм. Таван хошуу мал чинь байдаг, талаар дүүрэх сүрэг чинь байдаг юм аа...
Малчдын малаас гарч байгаа бүтээгдэхүүнээр гадаадад гангардаг хэрнээ малыг нь адгуулж, малладаг малчдыг нь яагаад ад үзээд байдаг юмб э?
 

Бид өмссөн, зүүсэн, өнгө зүсээрээ л энэ дэлхийд ондоошилж чаддаг байхгүй юу. Өвлөн уламжлуулах гээд байгаа ус нутаг, бэлчээрт маань яагаад ингээд халдаад байдаг юм байна?

Малчдын маллаж байгаа малын бүтээгдэхүүнээр гангардаад, гадаадад брэнд болгодог байж тэр малыг маллаж байгаа малчин иргэдийг минь яагаад ингээд хавчаад байдаг юм?

Бид төр засгаас юу ч гуйхгүй байгаа шүү дээ. Ганц гуйж байгаа зүйл нь гэвэл эх орны минь нутаг ус, ус бэлчээр, ан амьтан, араатан жигүүртнийг минь зүгээр л үлдээчих гэж гуйж байна. Өвөг дээдэс минь бид нарт өвлөн уламжлуулаад ирсэн. Бид үр хүүхдэдээ үлдээмээр байна шүү дээ...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.