“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээнд Үндэсний Органик үйлдвэрлэгчид амжилттай оролцлоо

27
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээнд Үндэсний Органик үйлдвэрлэгчид хамтран нэгдэж оролцлоо.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд ““Алсыг харья-Органикийг сонгоё” өдөрлөгийг зохион байгуулж хэрэглэгчид, үйлдвэрлэгчид, оюутан, залууст Органик хүнс, Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эрх зүйн орчны шинэчлэл, зохицуулалт, үйлдвэрлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж, органик үйлдвэрлэгчид “САНАМЖ БИЧИГ” байгуулан, хамтран ажиллахаар боллоо.
Ингэснээр Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар хоорондоо баталгаажсан органик түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж бүрдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээмжжийг нэмэгдүүлэх, хамтдаа хөгжих, цаашлаад экспортын нэгдмэл гарц, боломжийг бий болгох хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа.
Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд “Зочинтой ярилцлага”-ыг зохион байгуулж, ХААИС-ийн ректор Б.Баасансүх, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг нар оролцож, оюутан залууст хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөц, мэргэжлийн онцлог, давуу тал, анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Энэ удаагийн “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээнд Үндэсний 20 гаруй Органик үйлдвэрлэгчид, 200 гаруй нэр төрлийн хүнсний нарийн, бүдүүн ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, хонины ноосон бордоо, малын эрдэс тэжээл зэрэг бүтээгдэхүүнээр оролцож, хэрэглэгчдийн гарт баталгаажсан органик бүтээгдэхүүнээ хүргэлээ.
“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээний “ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ОРГАНИК АЖ АХУЙН НЭГЖ”-ээр “Хонины ноосон бордоо” үйлдвэрлэгч “МОНПЕЛЛЕТС” ХХК шалгарлаа.
“МОНПЕЛЛЕТС” ХХК 2019 онд анхны Хонины ноосон органик бордоог экспортлож эхэлснээс хойш жил бүр борлуулалт нэмэгдэж, сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 412 тн хонины ноосон органик бордоог экспортолж, 2.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Түүхий эдийг бэлтгэх, хонь ноослох ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор 2022 оноос хойш 19 аймгийн 1130 малчин залуусыг цахилгаан машинаар хонь ноослох ажиллагаанд үнэ төлбөргүй сургасан бөгөөд эдгээр залуусаас 27 залууг Шинэ-Зеланд улсад 20-38 мянган долларын цалинтай, дадлагажигч, ажилтнаар сургаж улмаар малчдын хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөх, залуусыг орон нутгийн малчин залуусыг давхар ажилтай, орлоготой болгоход хариуцлагатайгаар ажиллаж, байгальд ээлтэй органик үйлдвэрлэлийг тууштай эрхэлж байна.
Цаашид органик үйлдвэрлэгчид хамтран гадаад, дотоодын үзэсгэлэнд оролцох, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлэх, “Органик бүтээгдэхүүний дэлгүүр”-ээр дамжуулан Улаанбаатар хотын иргэдийг өдөр бүр баталгаажсан органик бүтээгдэхүүнээр хангахаар зорин ажиллаж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here