“МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЛАВЛАГААНЫ МОДУЛИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн Хөгжлийн Банкны Техник туслалцааны TA10099-MON төслийн багтай хамтран “Хүнсний баталгаат байдал, хариу арга хэмжээний мэдээллийн нэгдсэн санг байгуулах” Техник туслалцааны төслийн хүрээнд “Мэдээллийн системийн хөрөнгө оруулалтын лавлагааны модулийн хөгжүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны холбогдох газрын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, хэлэлцүүлгийг Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун удирдан явууллаа.
“Мэдээллийн системийн Хөрөнгө оруулалтын лавлагааны модулийн хөгжүүлэлт”-ийн гол зорилго нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгогдож буй зээл болон хөрөнгө оруулалт ялангуяа УИХ-ын 36-р тогтоолоор батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээ”-ны хүрээнд олгогдсон зээл олголтын үр дүн, үзүүлж буй нөлөө, үр дүнг (зээлийн эх үүсвэрийн ашиглалт, зээлийн зориулалт, дэд салбаруудад эзлэж байгаа хувь, үйлдвэрлэлд эзлэх бүтээгдэхүүний хувь, үйлдвэрлэлийн өсөлтийн хувь зэрэг) тухайн зээлдэгч болон хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмэр, улмаар хүнсний хангамж, нийлүүлэлтэд нөлөөлж буй бодит үр дүнг тооцоолох, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарт зээлийн явцын талаарх үр дүнг харах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх боломж бүхий програм хангамжийг бий болгох юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид энэхүү системийг хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллийн эх сурвалж, шаардлагатай өгөгдөл, байгууллагуудын оролцоо, мэдээлэл солилцооны үр дүнтэй механизмын талаар тодорхой ярилцан санал солилцсон ба мэдээллийн системийг хөгжүүлэлтийг дэмжин улам боловсронгуй болгож ашиглалтад бүрэн оруулахад цаашид хийгдэх үйл ажиллагааны талаар хэлэлцэн дүгнэсэн.
Мөн тус Техник туслалцааны төслийн хүрээнд хийгдэж буй “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо”-ны талаарх судалгааны үр дүнг танилцуулав. Энэхүү үнэлгээний үр нөлөөг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг хүнсний баталгаат байдлын (i) хүнсний хангамж; (ii) хүнсний хүртээмж; (iii) хүнсний хэрэглээ болон (iv) хүнсний тогтвортой байдал гэсэн 4 хэмжүүрүүдтэй уялдуулж боловсруулсан байна.
Техник туслалцааны төсөл нь хүнсний баталгаат байдлын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгоход хүнсний баталгаат бус байдлын эрсдэлийн менежментийг сайжруулахад шаардлагатай нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэхийн зэрэгцээ хүнсний баталгаат байдалд ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, цочролын нөлөөллийг бууруулахад чиглэгдсэн институцийн болон бодлогын орчныг хэрхэн сайжруулах чиг бүхий дэмжлэг үзүүлэх зорилготой. Цаашид “Хүнсний баталгаат байдал, хариу арга хэмжээний мэдээллийн нэгдсэн сан”-гийн бусад бүрэлдэхүүн хэсэг болох Хүнсний аюулгүй байдал, Хүнсний үнийн мониторинг болон Хангамжийн мониторингийн модуль тус бүрт хийж байгаа үйл ажиллагааны талаар цуврал техникийн уулзалтуудыг хийх болно.