Япон Улсын монголч эрдэмтэн Аоки Масахиро: Монгол залуус түүхээ уншихгүй байна...

“Монгол судлал” -“Уламжлал ба орчин үе” олон улсын монголч эрдэмтдийн 13 дугаар хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж байна.  Олон улсын монголч эрдэмтдийн их хуралд нийт 30 орны 546 эрдэмтэн, мэргэд оролцож байгаа юм. 

Бид Япон Улсын монголч эрдэмтэн Аоки Масахиротой цөөн хором ярилцлаа. 

-Таны хувьд Олон улсын монголч эрдэмтдийн хуралд хэд дэх удаагаа оролцож байна вэ?

-Энэ удаагийн илтгэлээ тооцвол бараг 3, 4 дэх удаагаа оролцож байна. 

-Таны хувьд ер нь яагаад Монгол судлалаар дагнах болсон юм бэ?

-Яривал их урт түүх болно шүү дээ. Би угаасаа эзэнт гүрний түүх судлах сонирхолтой байсан.  Харин миний их сургуулийн удирдагч багш "чи орчин үеийн түүх судал. Судалгааны материал ч ихтэй" гэж зөвлөсөн. Тэгээд би орчин үеийн Монгол Улсын түүх, тэр дундаа 1920-оод оны Монгол, Зөвлөлтийн үеийн харилцааг судалж эхэлсэн.

Японд одоо монгол судлал хэр хөгжиж байна гэж та харж байна?

-Өө даанч харамсалтай нь маш бага байна. Зөвхөн Монголын судлал ч биш. Ер нь залуус хүмүүнлэгийн ухааны салбарыг сонгохгүй байна. Мөнгө олдог салбар гэж үзэхгүй байна. Энэ бол маш буруу хандлага гэж би боддог. 

Гэхдээ цөөхөн хүн ч гэсэн бид нарын залгамж халаа болох судлаач нар гарна гэж найдаж байна.

-Таны илтгэлийн сэдэв 1920-оод оны Монгол Улсын талаар гэж байна. Ер нь тухайн үеийн Монгол, Зөвлөлтийн харилцаа юун дээр тогтож байв?

-Маш ноцтой асуудлууд бий. 1921 онд Монгол Улс  Засгийн газраа байгуулсан. Тухайн үед Зөвлөлтөөс Монголын улс төрийн хэрэгт их оролцож, маш олон зүйлийг тулган шаарддаг байсан. Гэхдээ монголчууд бүгдийг нь үг дуугүй дагаагүй. Монголын улс төрчид түүнийг няцааж чаддаг байсан гэж би боддог.

-Тухайн үеийг өнөөдөртэй харьцуулбал монгол залуусын ОХУ-ыг харах хандлага өөр болсон гэж та анзаардаг уу?

-Монголын залуучууд хуучин үеийн социализмын үеийн түүхийн тухай юу ч мэдэхгүй болчихжээ. Энэ их сонин юм. Зарим нь тэр социализмын шууд түгээсэн тийм түүхийг үзээд байна. Бид их гайхаж байгаа. Залуус түүхээ уншихгүй байна. 

-Та судалгааны эх сурвалжаа хаанаас авч байна вэ?

-Би бараг нэг жил нэг удаа Монголд ирээд архивт суудаг. Бас ОХУ руу явдаг. ОХУ руу жил болгон явмаар байдаг ч одоо нөхцөл байдал таагүй байгаа учраас чадахгүй байна. Тэрнээс гадна Японд бас монголын түүхийн материалууд бий. Яагаад гэвэл тухайн үед Япон Монголыг их сонирхож байсан, ялангуяа манжуурын орчмыг. Гадаад яам, цэргийн архив гэж бий. 

Тухайн үеийн Японы төмөр замын компани гэж Манжуурт ажилладаг байсан. Манжуур орны төмөр замыг эрхлэх Манжуурын төмөр замын ХК ажилладаг байсан. Үнэндээ Манжуур дахь Японы бодлогыг хэрэгжүүлж байсан компани гэж болно. Түүний талаар материал бий. Тэндээс японы талаас монголын талаар ямар ямар сонирхолтой байсан талаар их мэдээлэл бий. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.