Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан. 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Ерөнхйи сайд Н.Учрал Дорноговь аймагт ажиллаж байна.
Намайг Ерөнхий сайдын үүрэгт ажлыг хүлээн авахад Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт болон эрх зүйн асуудлаас шалтгаалан хоёр жил гацаж, гүйцэтгэл нь ердөө 20 хувьтай байсан.Бид Гадаад зээллэгийн хуулийг УИХ-аар батлуулж, санхүүжилтийн гацааг арилгаснаар бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Өнөөдөр төслийн нийт гүйцэтгэл 60 хувьд хүрч, 4500 хүн гурван ээлжээр, 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна. Үндсэн тоног төхөөрөмжүүд ирж, угсралтын ажил эрчимжлээ.

Түүнчлэн үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 527 км урт газрын тос дамжуулах хоолойн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэйгээр дуусах шатандаа ороод байна. Одоо энэ эрчийг сааруулж болохгүй. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 824 мянган тонн дизель түлш, 396 мянган тонн АИ-95 бензин, 80 мянган тонн онгоцны түлш болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 орчим хувийг дотооддоо хангаж, цаг үеийн ямар ч эрсдэл, тодорхойгүй байдлын үед эдийн засгаа хамгаалах суурь бүрдэх юм.
May be an image of oil refinery and text that says
Тиймээс үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг одооноос баталгаажуулж, хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх шаардлагатай. Эрчим хүч, барилгын материал, инженер техникийн боловсон хүчин, ажилчдын хотхон, дэд бүтцийн асуудлыг бүтээн байгуулалттай зэрэгцүүлэн шийдвэрлэх үүднээс холбогдох сайд, албаныханд хариуцах ажил, хугацааг нь тодорхой болгож дараах үүрэг чиглэлийг өглөө.

Нэгдүгээрт, үйлдвэрийн санхүүгийн дарамтыг бууруулж, Аж үйлдвэрийн парк болгох асуудлыг шийдвэрлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт даалгав.
Хоёрдугаарт, үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулж, түүхий тосны хайгуулыг эрчимжүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт үүрэг болголоо.
Гуравдугаарт, бүтээн байгуулалтад шаардлагатай барилгын материалын хангамжийг тасалдуулахгүй байхыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт хариуцуулав.
Дөрөвдүгээрт, барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг шуурхай хийж, төрөөс шалтгаалах хүлээлт, саатлыг арилгахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар нарт даалгалаа.
Тавдугаарт, үйлдвэрийг эрчим хүчний найдвартай, тасралтгүй эх үүсвэрээр хангахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгов.
Зургаадугаарт, үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай нарийн мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудыг одооноос бэлтгэж эхлэхийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгав.
Долоодугаарт, ажилчдын хотхон болон шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хөгжлийн банкны удирдлагуудад үүрэг болголоо.
Наймдугаарт, төсөл хэрэгжүүлэгч компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчилж, санхүүжилтийн дарамтыг бууруулахыг Сангийн сайд З.Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт хариуцуулав.
Есдүгээрт, газрын тос дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээврийг тасалдуулахгүй зохион байгуулахыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад даалгалаа.
Аравдугаарт, төслийн хэрэгжилтэд өдөр тутмын хяналт тавьж, ажлын явцыг долоо хоног бүр олон нийтэд ил тод тайлагнахыг үүрэг болгов. Нийт гүйцэтгэл, тухайн долоо хоногт хийсэн ажил, гарсан хоцрогдол болон дараагийн төлөвлөгөөг тодорхой мэдээлж ажиллах ёстой. Төрөөс шалтгаалах зөвшөөрөл, журам, зураг төслийн магадлал, санхүүжилтийн шийдвэрээс болж бүтээн байгуулалт дахиж нэг ч өдөр гацах ёсгүй. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэгчлэн алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа шахаж ажилласнаар 2028 онд дуусгах болно. Хуримтлагдсан асуудлуудыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцэж шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.