Д.Даваабаяр: Нийт 68,500 орчим тонн АИ-92 автобензин худалдан авахаар захиалга баталгаажуулсан

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас мэдэгдэл хийлээ.

Монгол Улс 8 дугаар сард ОХУ-ын "Роснефть" компаниас 50,000 тонн, бусад нийлүүлэгчдээс 12,500 тонн, БНХАУ-аас 6,000 тонн, нийт 68,500 орчим тонн АИ-92 автобензин худалдан авахаар захиалгаа баталгаажуулж, ачилт эхлээд байна. Сарын эхний 10 хоногийн байдлаар Сүхбаатар боомтоор 16,500 тонн бензин орж ирсэн бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт өртөөнүүдэд вагон буулгах ажил 24 цагаар тасралтгүй үргэлжилж байна.

ОХУ-д үүссэн дотоод нөхцөл байдлын улмаас 6, 7 дугаар сард онгоцны түлшний нийлүүлэлт тасалдаад байсан бол БНХАУ-тай хэлэлцээр хийсний үр дүнд 3,000 тонн түлш авахаар боллоо. Үүнээс эхний 1,000 тонн нь орж ирж, борлуулалтад гарахад бэлэн болсон бол үлдэгдэл 2,000 тонн нь замаас ачигдаад байна. Харин дизель түлшний нөөц улсын хэмжээнд 20 гаруй хоногийн үлдэгдэлтэй, нийлүүлэлт хэвийн байгаа тул намрын ургац хураалтын үеэр тасалдал үүсэхгүй гэж тооцож байна.

Шатахууны түгээлтийг орон нутаг болон аялал жуулчлалын гол маршрутуудад давуу эрхтэйгээр зохион байгуулж байна. Улаанбаатар хотын агуулахуудаас төмөр зам дагуух Дархан, Эрдэнэт, Сайншанд, Чойр зэрэг өртөөнүүдээр дамжуулан орон нутгийн ШТС-уудыг хангаж байгаа бөгөөд жуулчдын зорчдог гол чиглэлүүдэд нөөцийг тусгайлан хуваарилж байна.

 Одоогоор шатахууныг хэрэглэгчдэд тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор 50,000 төгрөгийн хязгаарлалт тогтоогоод байгаа ч иргэдийн 60 орчим хувь нь дахин дараалалд зогсож авах тохиолдол гарч байгаа нь ачааллыг нэмэгдүүлж байна. ОХУ-ын хэд хэдэн үйлдвэрээс ачигдсан бүтээгдэхүүнүүд 8 дугаар сарын дунд үеэс үе шаттайгаар орж ирснээр нийлүүлэлт тогтворжиж, нөөц нэмэгдэх хүлээлттэй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.