Хуульч О.Баасанхүү Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

Хуульч О.Баасанхүү Ерөнхийлөгчид ил захидал бичжээ
Эрхэм Ерөнхийлөгч өө,
 
Би Ерөнхийлөгч Таны хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, гадаад бодлого, түүхэн уламжлал, үндэсний үнэт зүйлстэй холбоотой олон ажлыг тань дэмжиж, сайшааж явдаг.
 
Харин “хүн засаглахгүй, хууль засаглах” зарчмыг төлөвшүүлэх, хууль ёсыг сахиулах асуудалд Таны анхаарал, оролцоо нэг л учир дутагдалтай байгаа мэт санагддаг.
 
Өнөөдөр хууль, хяналтын байгууллагын зарим албан тушаалтан өөрсдөө оролцон бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хохироох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг хууль бус үйлдэл хэрээс хэтэрч, бүр хавтгайрсан байдалтай байгааг Танд дуулгаж байгаадаа би үнэхээр харамсаж байна.
Иргэд бид шударга ёсыг үргэлж нэхдэг. Та ч мөн шударга ёс, хууль дээдлэх ёсны талаар ард иргэддээ байнга сануулж, ярьж ирсэн.
 
Харин бид өнөөдөр хэн нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож болзошгүй талаар төрийн өндөр албан тушаалтнуудын өөрсдийн гаргасан баримт, мэдээллээс олж мэддэг болсон.
Хүний амь нас хохирсон байж болзошгүй гэх ноцтой мэдээлэл, 700 тэрбум төгрөгийн авлигын тухай хүртэл төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө ярьж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл ийм олон ноцтой асуудлаар хэн, ямар хэмжээнд хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй хэвээр байна.
Иргэд бидэнд эрх мэдэл байхгүй. Харин Танд Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдэл, нөлөө бий.
 
Тиймээс хөрөнгөжсөн хурандаа нарын дураар авирлаж буй байдал, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хууль бус үйлдэлд цэг тавьж, хүчин мөхөсдөж буй бизнес эрхлэгчид, шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарч өгнө үү.
“Шударга ёс өнөөдрөөс эхэлж байна” гэдгийг Монголын ард түмэндээ хандан Төрийн тэргүүний хувиар тунхаглаж, үүнийг бодит үйл хэрэг болгон харуулахыг Танаас хүсье.
 
Хэрэв Таны шударга ёсны төлөөх тэмцэлд бидний өчүүхэн дэмжлэг, оролцоо хэрэгтэй бол Монголын ард иргэд бид үргэлж Таны талд зогсох болно.
 
Гүнээ хүндэтгэсэн,
О.Баасанхүү

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.