Б.Бат-Өлзий: Монгол бөө мөргөл нь биет болон биет бус өвийн долоон ай савын зургаад нь багтдаг, 360 гаруй зүйлийн өвийг тээж байдаг маш том соёл юм
Монгол бөө мөргөлийн "Дайван хөх төмөр" ТББ "Нүүдэлчин" фестивалийн үеэр Өвгөн долоон одны тахилга, гаоын тахилга, нарны тахилга, Тайж хайрханы тэнгэрийг тайх зан үйл хийж, монгол мөө мөргөлийн өв соёлыг олон нийтэд сурталчлан таниуллаа. Бид "Дайван хөх төмөр" ТББ-ын тэргүүн Б.Бат-Өлзийтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Монгол бөө мөргөлийн "Дайван хөх төмөр" ТББ-ын тэргүүн Б.Бат-Өлзий:
-"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Монгол бөө мөргөлийн "Дайван хөх төмөр" ТББ хамтран оролцож байна. Бид энэ жил бөө мөргөлийн хэд хэдэн зан үйлийг олон нийтэд танилцуулж байгаа бөгөөд удган, зайрангууд буюу тэнгэрийн улаач нар оролцож байна.
Монгол бөө мөргөл нь биет болон биет бус өвийн долоон ай савын зургаад нь багтдаг, 360 гаруй зүйлийн өвийг тээж байдаг маш том соёл юм. Энэ утгаараа бид энэ удаагийн наадамд тахилга, тайлгын зан үйлээр голчлон оролцож байна.
Бидний хөтөлбөрийн тухайд, өчигдөр "Өвгөн долоон одны" тахилга үйлдсэн бол өнөөдөр өглөө "Нарны залбирал" зан үйлийг хийлээ. Одоо 20:00 цагаас "Тайж хайрханы тэнгэрийг тахих" тахилга болох бөгөөд орой нь "Галын тахилга" үйлдэнэ. Эдгээр зан үйлийг дотоод, гадаадын аялагч, жуулчид ихээхэн сонирхож байна.
Хүмүүс бөө мөргөлийг зөвхөн онгод тэнгэр буулгах төдийхнөөр ойлгох талтай байдаг. Гэтэл энэ нь байгаль дэлхийгээ аргадаж, гуйж буй гүн гүнзгий утга агуулгатай зан үйл юм. Монголчууд нүүдлийн ахуй соёлтой учраас мөнх хөх тэнгэр, байгаль эхдээ дулдуйдаж ирсэн уламжлалтай.
Хайрханы тэнгэрийг тайна гэдэг нь тухайн нутаг орны ард иргэдийг "том гэх томуугүй, ай их айдасгүй, түй гэх түймэргүй, дайр гэх дайсангүй" амгалан байхыг даатгаж буй хэрэг юм. Энэ жилийн өдийгөөс ирэх жилийн өдий хүртэл эсэн мэнд, жаргалантай байхыг ерөөж, хайрханы эзэнд өргөл барьцаа өргөж буй зан үйл билээ.
Энэ бол зүгээр нэг хэнгэрэг дэлдэж, мод нүдэж байгаа хэрэг биш, өөрийн онгод тэнгэрээр дамжуулан уулын эзэнтэй харилцаж, үйлийг нь даатгаж буй хэрэг юм.
Бөө мөргөлийн зан үйлийн түүхийг авч үзвэл, хүн төрөлхтөн галыг эрхшээж эхэлсэн тэр цагаас үүссэн гэж үздэг.
Түүхэн баримтуудаас дурдвал, Хүйс толгойн бичээс зэрэг 6-7 дугаар зууны үеийн дурсгалуудад удган хүн хааныг тэнгэрт дэвшихэд зан үйл хийж байсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Мөн "Монголын нууц товчоо"-нд Тэв тэнгэрийн тухай гардаг бол Хүннүгийн үед ч энэ зан үйл байсан нь тодорхой байдаг. Нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гуайн "Их нүүдэл" роман дээр Модун шаньюй эцгийгээ тэнгэрт дэвшихэд улсын их авгаар заншил үйл үйлдүүлж буй тухай баримттайгаар дүрсэлсэн байдаг. Түүнчлэн "Заан залуудай" зохиолд галын тахилгын тухай өгүүлдэг.
Энэ мэтчилэн бөө мөргөл нь Евразийн цээжинд хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш оршсоор ирсэн, цаашид ч хадгалагдан үлдэх бидний өв уламжлал юм.
...Их долоон Этүгэн минь
Дээр хөхрөгч 99 тэнгэр Эцэг минь
Хөтлөхүйн дээд Хөх мөнх Тэнгэр минь
Хөрстийн Монголчуудыг минь харж нэг хайрла!
...Дээд тэнгэрийн элч галын эзэд
Дэлгэр дэлхийд зочлох галын эзэд
Есүхэй эцэгийн тахисан галын эзэд
Хаан эцгийн сахисан гадын эзэд
Хатан ээжийн үлээсэн галын эзэн...
...Хөх Монголчуудыг минь
Дээрээс нь харж хайрла
Дэргэдээс нь түшиж хайрла
Доороос нь ивэж хайрла!
Тон гэх томуугүй байлгаж хайрла
Үй гэх үергүй байлгаж хайрла
Түй гэх түймэргүй байлгаж хайрла
Аа гэх аюулгүй байлгаж хайрла
Дайр гэх дайсангүй байлгаж хайрла
Хөө гэх хөнөөлтгүй байлгаж хайрла!
Хурай хурай хурай! гэх мэтээр тэнгэр, хангайгаа аргадан гуйдаг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.