Төрийн туульч А.Балдандорж: Монголчууд байгаль эх дэлхий амьд гэдгийг эртнээс ойлгож, түүнтэй хэрхэн харилцах арга ухааныг эзэмшсэний илрэл нь тууль юм
Төрийн туульч А.Балдандорж Жангар хайлж, тууль хайлах өв соёлоос "Нүүдэлчин" фестиваль дээр танилцууллаа.
Төрийн туульч А.Балдандорж:
-Монгол түмний өв соёл, нүүдэлчин ард түмний бахархал болсон энэхүү наадам өнөөдөр өргөн дэлгэр сайхан болж байна. Жил бүрийн намрын эхэн сард энэхүү ариун дагшин хайрхны бэлд дэлхийн нүүдэлчдийн соёлын томоохон фестиваль уламжлал болон зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнд олон аймгаас ардын авьяастнууд, биет бус өвийг өвлөн уламжлагчид цуглардаг нь маш ач холбогдолтой юм. Монголын ард түмэн өв соёлоо хайрлан бахархаж, хүн бүр энэхүү наадмыг дэмжин оролцож байгаад туйлын баяртай байна.
Миний бие өнөөдөр Богд хааны ордон музей болон Чойжин ламын сүм музейн өргөөнд монгол тууль, монгол өв соёл, үндэсний бахархлаа танилцуулан хамтран ажиллаж байна.
Монголчуудын баатарлаг түүхийг магтан дуулсан "Жангар" хөлгөн их туулийг ард түмэндээ сурталчлан таниулж, өөрийн мэддэг өв соёлоо чадах чинээгээрээ түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.
-Та хэд дэх үеийн туульч вэ?
-Би бол алдарт туульч Чилгэрийн үеэс эцгээс хүүд дамжуулан үлдээдэг уламжлалыг тээж яваа ес дэх үеийн төлөөлөл юм. Тууль хайлна гэдэг бол манай өвөг дээдсийн агуу оюунлаг чанарын илрэл.
Нүүдэлчин ард түмэн маань байгаль эх дэлхий амьд гэдгийг эртнээс ойлгож, түүнтэй хэрхэн харилцах арга ухааныг эзэмшсэн байдаг. Хүн өөрөө байгалиас шороон болон усан махбодыг авч төрдөг учраас байгаль дэлхий бидний биеийн нэг хэсэг юм гэдгийг өвөг дээдэс маань аль эрт тунгаан тольджээ.
Тиймээс газар нутгаа хайрлаж, тууль, ерөөл, магтаалаар дамжуулан байгаль дэлхийг уярааж, үр шимийг нь хүртдэг гүн ухааныг бидэнд өвлүүлсэн. Сар, нар, одны мөчлөгийг ажиглаж, байгалийн хүч чадлыг ахуй амьдралдаа ашиглаж ирсэн энэ биет бус соёл бол маш том уламжлал юм.
-Таны товшуур хөгжмийн толгой боолттой байгаа нь ямар учиртай вэ?
-Туульч хүний гол зэмсэг болох товшуур хөгжим бол туульчийг хөтөлж яваа "хөлөг морь" нь юм. Товшуурын толгой хэсгээр дамжуулан оюун ухааны эрчим хүчийг татдаг гэж үздэг.
Уламжлал ёсоор туулийг голчлон өвлийн цагт хайлдаг. Хэрэв зуны дэлгэр цагт хайлах шаардлага гарвал товшуурын толгойг заавал боодог ёстой. Энэ нь бидний тэнгэр, газартай харилцах шүтэлцээ, зан үйлтэй холбоотой.
Эрт цагт туулийг сар, жилээр хайлдаг байсан гэдэг. Та хэдэн цагаар хайлдаг вэ?
-Миний хувьд өв соёлын архивт 15 туулийг бүтнээр нь хайлж, 780 гаруй цагийн бичлэг үлдээсэн байна.
Уламжлал ёсоор бол туулийг гурван өдөр, гурван шөнө дамнан хайлдаг. Гэвч өнөө цагт хүмүүсийн амьдралын хэмнэл өөрчлөгдсөн тул туулийг товчилж буюу "гүйлгэх" хэлбэрээр 24 цагт багтаан хайлах тохиолдол бий. Олон хоногоор тууль сонсох хүн ховордсон энэ үед цаг үетэйгээ нийцүүлэн энэхүү агуу өв соёлоо түгээн дэлгэрүүлэх нь чухал байна.
Тэнгэр газар задардаг хаврын эхэн сарын шинийн 15-ыг хүртэлх хугацаанд тууль хайлахыг цээрлэдэг уламжлал ч бий. Бид энэ мэт нарийн зан үйлийг хадгалан үлдэхийн төлөө ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.