300 тэрбум төгрөгийн алтыг нь ухчихаад 14.7 тэрбум төгрөгөөр залилуулсан гэхэд хүн итгэх үү
“Урьхан хочит” Б.Чинбат иргэн В.Ганзориг нарын маргаан өнгөрсөн баасан гарагаас хойш хэвлэл болон цахим орчинд хүчтэй мэдээлэгдэж байна.
Уг хэрэгт хуулийнхан хонгил угсарч оролцож, хохирогчийн хүчээр, хууль бусаар цагдан хориулж байна гэх мэдээлэл ч олны эгдүүцлийг хүргэж байна.
Тэгвэл тэдний маргаан ямар учиртай, юунаас эхлэлтэйг сонирхуулъя.
2022 онд Урьхан хочит Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн “Глиймстар” ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэнхангай сумын нутаг дэвсгэрт байрлах МV-021972 тоот тусгай зөвшөөрлийг 5 сая ам.доллараар худалдан авах хүсэлт тавьсных нь дагуу В.Ганзориг Б.Чинбатад худалдсан байдаг. Улмаар Б.Чинбат нь тухайн тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн Вайнд Майнд ХХК-руу шилжүүлж аваад олборлолтын үйл ажиллагаа явуулж 140 кг алт олборлож 50 орчим тэрбум төгрөг болгон авсан байна.
2025 онд Б.Чинбат нь В.Ганзоригт дахин хамтран ажиллах хүсэлт тавьж хамтран ажиллахаар болж В.Ганзоригийн эзэмшлийн Хамтын эх булаг ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын MV-022106 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолтын үйл ажиллагааг явуулж 20/80 хувиар ашгийг хувааж авах, 80 хувийн Б.Чинбат, 20 хувийг нь В.Ганзориг авахаар харилцан тохиролцсон байна.
Тус ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Б.Чинбат нь 420 кг алт олборлож 240 орчим тэрбум төгрөг буюу Б.Чинбат нь 2022 болон 2025 онуудад иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компаниудын нэр дээрх талбайгаас 560 кг алт олборлож нийтдээ 300 орчим тэрбум төгрөг олсон байна. Шороон ордны олборлолт борлуулалтын үйл ажиллагааг Б.Чинбат тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нэр дээр биш 220 кг алтыг өөрийн Би Си Эйч Майнинг ХХК-ийн нэр дээр тушааж, харин үлдэгдэл 200 кг алтыг хууль бусаар хар зах дээр худалдан борлуулсан нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, Эрүүгийн хуулийн 24.2 дах хэсэгт заасан Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргүүдийг үйлдсэн байдаг.
Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн Хамтын эх булаг ХХК-ийн MV-022106 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн үлдсэн хэсэгт олборлолтын үйл ажиллагааг явуулах хүсэлт гаргасныг В.Ганзориг зөвшөөрөөгүй аж. Гэтэл Б.Чинбат нь “Чи зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй чиний эзэмшлийн талбайг дээрэмдэж авна” гэж сүрдүүлэг хийж, “Хууль хяналтын байгууллага миний гарт” гэж дарамталж эхэлсэн байна. В.Ганзориг нь Монгол Улс эрх зүйт төртэй улс орон арай ч хууль бусаар бүх ажиллагааг дээрэмдээд авчихгүй байх гэж итгэсэн ч өнөөдөр бүх зүйл өөрийнх нь эсрэг яваад ихэд гомдолтой байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.