Ирэх 10 жилд 500 жижиг, дунд үйлдвэр, хоршоо, 1000 бичил бизнеийг дэмжиж, 28,8 сая га бэлчээрийг сэргээн GIRAF санг нээлээ

СОР17 хурлын санхүүжилтийн өдрийн хүрээнд Бүсийн ногоон, хүртээмжтэй ХАА-н бизнесийн хувийн хөрөнгө оруулалтын сан/GIRAF/-г албан ёсоор нээлээ. 

Тус санг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассет менежмент” ХХК удирдаж, олон улсын байгууллагууд болон төрийн хамтарсан 92.6 сая ам.доллар, мөн арилжааны банкуудаас 25.0 сая ам.долларын урт хугацааны санхүүжилт төвлөрүүлэн хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай санхүүжилт олгох юм. 

тус сан ирэх 2034 он гэхэд 500 жижиг, дунд үйлдвэр, хоршоо, 1000 бичил бизнеийг дэмжиж, мал аж ахуйн бүтээгдэхүүний энмүү өртгийг өсгөхийн зэрэгцээ, 28,8 сая га бэлчээрийг сэргээх зорилготой юм. 

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банк хооронд хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. 

Сангийн эхний шатанд 3 сая долларын буцалтгүй тусламж бүхий 37,5 сая долларын санхүүжилтийн багц багтаж байгаа бөгөөд хөдөөгийн бизнесүүдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүнийг санал болгох юм. Төсөл эхний ээлжинд Монгол Улсын алслагдсан бүс нутаг болох баруун гурван аймаг/Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай/-т хэрэгжих юм байна. 

Тодруулбал, Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг мал аж ахуйн салбарт тулгараад буй бэлчээрийн даац хэтрэлт, мал аж ахуйн тогтворгүй менежмент, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэх олон сөрөг хүчин зүйлийг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагууд болон Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр хэрэгжих “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийн тодорхой хэсгийг GIRAF-аар дамжуулан хэрэгжүүлэх юм.

Ингэснээр хөдөө аж ахуйн салбар нь зөвхөн түүхий эд нийлүүлдэг уламжлалт бүтцээс үе шаттайгаар шилжиж, үр дүнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, боловсруулалт, нийлүүлэлтийн сүлжээнд суурилсан тогтвортой эдийн засгийн шинэ бүтэц бүрдэх суурь нөхцөл бүрдэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.