Өндөр настан Х.Янжинлхам: Гэрийн, суурь хүмүүжил байхгүй болж

Бид Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын өндөр настан Х.Янжинлхамтай ярилцлаа. Тэрээр 4 үе дамжсан, 150 жилийн түүхтэй, сархинаган тоонотой гэрээ нүүдэлчин наадам дээр 6 дахь жилдээ авчран барьжээ. Тэрээр гэрийн суурь хүмүүжил, хүн болох боловсролын тухай ийн өгүүлж байна. Түүний ярилцлагыг хүлээн авна уу.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын өндөр настан Х.Янжинлхам:
 
-Хүний эрхийн талаар их ярьдаг ч үүрэг хариуцлагын тухай асуудлыг орхигдуулж байна. Хүүхдэд эрхийг нь мэдүүлэхийн зэрэгцээ хүн байхын утга учир, хүлээх үүргийг нь сайтар ойлгуулах хэрэгтэй. Хүүхэд багаасаа юмыг ухаарч эхэлдэг тул энэ үед нь суурь хүмүүжлийг зөв олгох нь хамгийн чухал юм.
 
Сургууль бол тодорхой цагт хичээл зааж, сахилга бат шаардахаас бус, хүний суурь хүмүүжлийг эцэг эх шиг олгож чадахгүй. Орчин үеийн сургуулийн сургалтад ахуйн болон хөдөлмөрийн хүмүүжил дутагдаж байна.
 
Өмнө нь сургуульд гэр ахуй, мужааны хичээл орж, хүүхдүүд өөрсдөө сандал ширээ хийх, оёдол сурах зэргээр хөдөлмөрт суралцдаг байсан. Одоо бол дандаа онол зааж, амьдрах ухааныг орхигдуулж байна.
Хүүхэд өөрийн хөдөлмөрөөр, хөлсөө гаргаж хийсэн зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч, бага ч гэсэн орлого олж сурах нь хүмүүжилд нь маш том нөлөө үзүүлдэг.
 
Гэр орны хүмүүжил алдагдаж, эцэг эхчүүд хүүхдээсээ айдаг болоод байна. Хүүхдээ уйлангуут л гар утас өгч саатуулдаг нь буруу. Үүний оронд ахмад настнаа хүндлэх, эцэг эхээ хайрлах, гэр орноо цэвэрлэх, дүү нараа асрах зэрэг суурь хүмүүжлийг олгох ёстой.
Монголчууд эртнээс хадам эцэг эхийг төрсөн эцэг эхээсээ дутуугүй хүндэлж ирсэн уламжлалтай. Гэвч энэ соёл алдагдаж, төрсөн эцэг эхээ ч тоохгүй байх тохиолдол гарч байна. Хүн байтугай малыг хайрладаг байтал ахмад настныг үл хүндэтгэж байгаа нь хүмүүжил дутсаных юм.
 
Би "Нүүдэлчин" наадамд зургаа дахь жилдээ оролцож байна. Хүмүүс миний авч ирсэн гэрийг их сонирхож, дахин дахин үзэхээр ирдэг. Энэ бол миний элэнц өвөө, эмээгээс уламжлагдан ирсэн 150 жилийн настай гэр юм.
Салхин тоонотой, голын боодлоороо хоёр салдаг тоонотой, бургасан цагаригтай, тэмээний ноосон тоноглолтой дөрвөн ханатай гэр.
 
Өв соёл, уламжлал гэдэг бидний хамгийн гол зүйл юм. Эцэг эхээс үлдсэн эд зүйл, эдэлж хэрэглэж байгаа юмаа хайрлан хамгаалж, үр хүүхдэдээ таниулан үлдээх ёстой. Юмны загвар, моод тодорхой хугацаанд эргэж байдаг шиг бидний өнөөдрийн хэрэглэж байгаа зүйлс ч ирээдүйд үнэ цэнтэй өв болон үлдэнэ. Тиймээс юманд гамтай хандаж, үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.