Манлайлал, авьяас чадварын хөтөлбөрийн оролцогчид удирдлагын манлайлалд суралцлаа
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг болох “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн оролцогчид энэ сарын 20-ны өдөр “Сэлэнгэ” амралтын баазад зохион байгуулагдсан “Удирдлагын манлайлал, зан төлөвийн сургалт”-д оролцлоо.
Сургалтын эхэнд, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, удирдагч хүний манлайлах арга барил ажилтнуудын сэтгэл ханамж, ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлдөг талаар ярьж, мэдээлэл өгсөн бол, “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн ажлын хэсгийн дарга М.Отгон, энэхүү хөтөлбөрөөр дамжуулан олж авсан мэдлэг, ур чадвараа ажлын байран дээрээ, амьдралдаа хэрэгжүүлэн, цаашид өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэхийн үр дүн, ач холбогдлыг дурдан, амжилт хүссэн.
Сургалтын эхний хичээлийг Хүний нөөц, захиргааны хэлтсийн Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны дарга Б.Мөнхцэцэг заасан. Тэрээр, 2026 оны 7 дугаар сараас мөрдөж эхэлсэн баримт бичгийн шинэ стандарт MNS 5140:2026 шаардлагыг танилцуулав. Мөн тушаал, албан бичиг, тайланг хэрхэн зөв найруулж бичих талаар сургалт орсон юм.
“United Management Consulting”-ын сургагч багш Д.Асралт “Harvard ManageMentor”-ын “Strategy Planning and Execution” (Стратеги төлөвлөлт ба гүйцэтгэл) сургалтын материалд тулгуурлан хичээл орсон. Сургалтаар стратеги төлөвлөлтийн үе шат, байгууллагын дотоод, гадаад орчны шинжилгээ, SWOT (давуу тал, сул тал, боломж, аюул) дүн шинжилгээний аргачлалыг тайлбарлаж, оролцогчдыг багаар ажиллуулан, тодорхой даалгавар дээр SWOT шинжилгээ хийж, стратегийг нэгжийн төлөвлөгөөнд хэрхэн буулгахыг дадлагажууллаа.
Сургалтын дараа, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Энэрэл” төвийн Скаутын багийнхан ирж “Хэзээд бэлэн байгтун” тэмцээнийг зохион байгуулж, оролцогчид хамтын ажиллагаа, багийн манлайллаа сорьсон.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.