Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.08.24/ Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Дэлхий дахинаа шинжлэх ухаан, ялангуяа хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж, өгөгдлийг хадгалах, дамжуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц хурдацтайгаар өргөжиж байгааг Шадар сайд Т.Доржханд энэ үеэр онцлов. Иймд өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновацыг хөгжүүлэх, Монгол Улсыг бүс нутгийн дата төв болгон хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд уг хуулийн төсөл чиглэсэн гэлээ.

ca0d417919dc4895bdbf132ef2d19713?d=0

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг баталсан нь өгөгдлийн талаарх суурь эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал алхам болжээ. Гэвч холбогдох хуулиуд нь өгөгдөл, мэдээллийг хамгаалах, ил тод болгох, эсхүл салбарын хэрэгцээнд ашиглахад чиглэсэн зохицуулалттай байгаа аж. Иймд өгөгдөл, мэдээллийг хуваалцах, ашиглах, дахин ашиглах эрх зүйн үндсийг тогтоож, аюулгүй байдал, чанар, хүртээмжийг хангах, инноваци, үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа тул хуулийн төслийг боловсруулсан байна.

a95282c1959f41d3b50377a8b9f8948e?d=0

Хуулийн төсөлд өгөгдөл үүсгэх, цуглуулах, ангилах, боловсруулах, ашиглах, солилцох, дамжуулах, хадгалах, нөөцлөх, устгах болон өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмж, халдашгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулах, засаглалын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлэх нөхцөлийг тогтоосон гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэхүү анхдагч хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, өгөгдөл үүсгэх, цуглуулах, ангилах, боловсруулах, ашиглах, солилцох, дамжуулах, хадгалах, нөөцлөх, устгахтай холбоотой зохицуулалтыг анх удаа хуульчлан тогтоохоор тусгасан байна. Мөн төсөлд өгөгдлийн харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмж, харилцан ажиллагаа, нууцлал, халдашгүй байдлыг хангах суурь зарчмуудыг тусгасан аж.

fab41a9a5c71461d8a0968ba1c14cb54?d=0

Түүнчлэн өгөгдлийн дэд бүтцийг тодорхойлж, төрийн их өгөгдөл, өгөгдлийн санг мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, кодын дагуу үүсгэх, сангаас ашиглах зориулалтаас нь шалтгаалж өгөгдлийг ангилж, хүртээмжтэй ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ. 

Улмаар өгөгдлийг туршилтын орчинд ашиглах зохицуулалтыг бий болгох, Монгол Улсад дотоодын болон гадаадын дата төв, үндэстэн дамнасан олон улсын дата төвийн үйл ажиллагааг эрхлэх, уг үйл ажиллагааг Монгол Улсын чөлөөт бүсэд эрхлэхтэй холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлж, тэдгээрт хадгалж буй өгөгдлийн халдашгүй байдлыг хангахтай холбоотой тусгай дэглэм бүхий харилцааг зохицуулах юм байна.

4f4cc71bfaf645d6b4fc80a807c3a827?d=0

Төсөлд өгөгдлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, өгөгдөл солилцох үйл ажиллагаанд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэх, хориглох зохицуулалт, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаар тус тус тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.