Б.Энхболд: С.Молор-Эрдэнийн хэрэгт ХЭҮК хяналт тавьж, түүний эрүүл мэнд, хоригдож буй нөхцөл байдалтай биечлэн танилцсан

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдэгдэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх болон иргэний орон зайг хамгаалах асуудлаарх байр сууриа илэрхийллээ.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд:

Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх болон тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө нь ардчилсан нийгмийн үндсэн суурь зарчим бөгөөд хүний эрхийн салшгүй хэсэг юм.

Тодорхой асуудлуудын тухайд, сэтгүүлч С.Молор-Эрдэнийн хэрэгт ХЭҮК хяналт тавьж, түүний эрүүл мэнд, хоригдож буй нөхцөл байдалтай биечлэн танилцсан. Мөн Баян-Өлгий аймагт үүссэн нийгмийн талцал, иргэдийн гомдлын дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Иргэдээс тодорхой хэмжээний гомдол хоёр талаас ирсэн байгаа. Урианхай, Тува иргэд болон Казак иргэдээс талцал хуваагдалтай холбоотой 15 иргэнээс 17 гомдол ирсэн байна. 

Төрийн байгууллага, өндөр албан тушаалтнууд шүүмжлэлд илүү нээлттэй байх ёстой. Гэвч иргэн Г.Уянгын жишээн дээр төрийн өндөр албан тушаалтан иргэнийхээ эсрэг гомдол гаргаад явж байгаа нь манайд энэ эрхзүйн зохицуулалт байхгүй байгаатай холбоотой.

Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүдэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах, олон нийтийн сүлжээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох саналуудыг УИХ-д танилцуулж, Засгийн газарт холбогдох шийдвэрүүдийг хүргүүлсэн. Гэвч эдгээр зөвлөмжийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар хангалтгүй байна гэж Комисс дүгнэж байна. 

Гэвч энэхүү эрх чөлөө нь бусдын нэр төр, алдар хүнд, хувийн амьдралд халдахгүй байх онцгой үүрэг хариуцлагыг дагуулдаг. Төр нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон бусдын нэр төрийг хамгаалах асуудлын тэнцвэрт байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх үр нөлөөтэй механизмыг бүрдүүлэх үүрэгтэй. Өнөөгийн байдлаар цахим орчинд хуурамч хаяг, нэрээ нууцалсан хэрэглэгчдийн зүгээс бусдын нэр төрд хууль бусаар халдах явдал газар авч, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Үүний зэрэгцээ төрийн байгууллага, албан тушаалтнууд иргэдийн шүүмжлэлийн эсрэг гомдол гаргах, зарим тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь иргэдийн дунд айдас төрүүлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумих эрсдэлийг үүсгэж байна.

Худал мэдээлэл түгээмэл болох нь иргэд аливаа мэдээлэлд итгэхгүй байх, төрд тавих хяналт сулрах, нийгэмд талцал хуваагдал бий болох аюултай юм.

Статистик мэдээллээс үзэхэд 2024 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл худал мэдээлэл тарааж, хүний нэр төрд халдсан гэх 362 гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Харин өмнөх онуудад бүртгэгдсэн 859 гомдлыг хэрэгсэхгүй болгож хаажээ.

Цахим платформ дээр хуурамч хаяг ашиглан бусдыг гүтгэсэн тохиолдолд эзэмшигчийг тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн боломж хомс байгаа нь иргэдийн нэр төр, гэр бүлийн нууц бүрэн хамгаалалтгүй байгааг харуулж байна.

Үүнтэй холбогдуулан ХЭҮК-оос дараах байр суурийг илэрхийлж байна.

Нэгдүгээрт, бусдын нэр төрд халдах зорилгоор худал мэдээлэл санаатай түгээх үйлдлээс иргэдийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Засгийн газар манлайлан ажиллах шаардлагатай.

Хоёрдугаарт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналт, хараат бус сэтгүүл зүйг хязгаарлах, айлган сүрдүүлэх хэрэгсэл болгон хуулийг ашиглахгүй байх ёстой.

Гуравдугаарт, улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд олон нийтийн хяналт, шүүмжлэлд илүү нээлттэй байх зарчмыг хүлээн зөвшөөрч, иргэнийхээ эсрэг гомдол гаргах боломжийг олон улсын жишигт нийцүүлэн хязгаарлах шаардлагатай байна.

Эцэст нь, хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхдээ Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ ухамсарлаж, бусдын эрх, нэр төрийг хүндэтгэн, гүтгэлэг доромжлол түгээхгүй байхыг ХЭҮК-оос уриалж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.