Н.Номтойбаярын эвсэлд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын 10 гаруй гишүүд нэгдэхээр тохирсон уу?
УИХ-ын намрын чуулган эхлээд хоёр дахь долоо хоног, ээлжит бус чуулган эхэлсэнтэйгээ тооцвол гурав дахь долоо хоног руугаа орж байна. Гэвч энэ хугацаанд 2027 оны төсвөө битгийхэл 2026 оны төсвийн тодотголоо ч хэлэлцэж чадахгүй, чуулганыхаа ирцийг бүрдүүлж чадахгүй таг гацаанд ороод байна.
Нэг талд УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төсвийг хууль зөрчсөн хэмээн үзэж завсарлага авч, чуулгандаа суулгүй бойкотолж байгаа бол нөгөө талд эрх ч баригч Монгол ардын намын дотоод дахь хагарал дахин сэдэрч тал нь чуулгандаа суухгүй бойкот хийж байна. Үүн дээр нэмээд Үндэсний эвслийн дөрөв, ИЗНН-ын дөрвөн гишүүн бойкотыг өөгшүүлж байна.
Чуулган эхлэхийн өмнө МАН-ын бүлгийн 30/38-ын гэгдэх хоёр тал учраа ололцох уулзалтыг ээлж дараалан хийж, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр "дундын зуучлагч"-аар ажиллаж байсан ч чуулган эхлэхэд "дундын зуучлагч" харин 30-ын бүлэг рүүгээ илүү налсан нь нэгэнт тодорхой болж ирэв.
Учир нь Н.Учралын Засгийн газарт Шадар сайдын алба хашиж буй Н.Номтойбаяр Засгийнхаа эсрэг ажиллаж, бүлгийнхээ дөрвөн гишүүний хамт чуулганд суухгүй бойкотлогчдын эгнээг зузаатгаж байна.
Энэ бүхнээс үүдэн улстөрийн хүрээлэл дунд олон төрлийн таамаг дэвшүүлж байгаагийн дотор Н.Номтойбаярын Үндэсний эвсэлд МАН-ын 30-ын бүлгээс 10 гаруй нь нэгдэхээр тохиролцсон гэх яриа гарчээ. Тэдэн дунд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан нараар ахлуулсан тэднийг дагалдагч жагсаалтынхан багтаж байгаа гэх.
Үндсэндээ МАН-ын 30-ын бүлгээс 38-ын талруугаа нэгдэж, учраа ололцоогүй үлдсэн 10 гаруй гишүүн Үндэсний эвсэлд нэгдэх тохироо хийсэн бололтой.
Хэрэв энэ таамаг үнэн бол 2028 оны УИХ-ын сонгуульд Н.Номтойбаярын эвсэл МАН, АН-ын саналыг хувааж, одоо байгаа дөрвөн суудлаасаа ч илүү олон суудал авч, УИХ-д бүлэг үүсгэх хэмжээний болох магадлалтай гэж таамаглаж байна.
Үүн дээр нэмээд бас нэгэн таамаг өрнөж буй нь УИХ төсвөө баталж чадахгүй энэ долоо хоногийг өнгөрөөвөл хугацаанаасаа өмнө тарах нөхцөл үүснэ. Ингэснээр УИХ-ын сонгуулийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган хийх шаардлагатай болно. Ийм нөхцөл үүсч болзошгүйг таамагласан эрх баригчид 2027 оны төсөвт ээлжит бус сонгуульд зориулж 40 тэрбумыг төсөвлөсөн байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.