Баялагийн эзэд ард түмний хөдөлгөөн ТББ-аас Риотинтогийн MyVoice системд Оюутолгойн санхүүжилттэй холбоотойгоор гомдол гаргажээ

Баялагийн эзэд ард түмний хөдөлгөөн ТББ-аас Риотинтогийн MyVoice системд Оюутолгойн санхүүжилттэй холбоотойгоор гомдол гаргажээ
“БАЯЛГИЙН ЭЗЭД АРД ТҮМНИЙ ХӨДӨЛГӨӨН” ТББ-аас 2026 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Рио Тинтогийн ёс зүй, нийцлийн myVoice системээр дамжуулан Оюу Толгой төслийн санхүүжилт болон холбоотой талуудын зарим гүйлгээнд хараат бус нягтлан бодох бүртгэлийн мөрдөн шалгалт хийх хүсэлт бүхий албан ёсны гомдол гаргасан байна.
 
Гомдолд:
 
Oyu Tolgoi LLC, Turquoise Hill Resources, Oyu Tolgoi Netherlands B.V., Movele S.à r.l. 9539549 Canada Inc., Sharp Singapore болон бусад холбогдох этгээдийн хоорондын санхүүгийн урсгалыг бүхэлд нь мөрдөн шалгаж, ялангуяа Оюу Толгойн үндсэн зээл, түүнд хүү тооцогдох санхүүжилтийн механизмыг шалгах асуудлыг тавьсан.
 
Мөн дээрх механизм Оюу Толгойн нийт өр, хүүгийн зардал, хуваарилах боломжтой мөнгөн урсгал, ногдол ашиг хүртэх хугацаа болон Монголын талын 34 хувийн эдийн засгийн өгөөжид ямар нөлөө үзүүлснийг тооцож шалгахыг хүссэн.
 
Гомдлын хамт Movele компанийн 2016, 2017 оны санхүүгийн тайланг нотлох баримтаар хүргүүлсэн байна. 
 
МyVoice системээс гомдлыг хүлээн авснаа 2026 оны 9 дүгээр сарын 8-нд баталгаажуулсан бөгөөд боловсруулах, хянахад 5–6 ажлын өдөр шаардлагатайг мэдэгджээ. Уг хугацаа нь  өнгөрсөн тул Баялагийн эзэд ард түмний хөдөлгөөн ТББ-ын зүгээс 09 дүгээр сарын 19-нд гомдлын анхан шатны үнэлгээ хийгдсэн эсэх, шалгалтад шилжүүлсэн эсэх болон аль нэгж хариуцан ажиллаж байгаа талаар албан ёсоор тодруулга хүсчээ.
 
Өнөөдрийн байдлаар гомдлын агуулгатай холбоотой бодитой хариу, шалгалтын явцын мэдээлэл ирээгүй байна. Тиймээс Баялагийн эзэд ард түмний хөдөлгөөн ТББ асуудлыг юуны өмнө Рио Тинтогийн дотоод хяналт, ёс зүйн тогтолцооны хүрээнд баримтад үндэслэн шалгуулж, хариу авах байр суурьтай байгаа аж. 
 
Шаардлагатай тохиолдолд дараагийн шатанд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүдийн хариуцлагатай үйл ажиллагааны удирдамжийн хүрээнд Австрали, Их Британи, Нидерланд, Люксембург, Канад, Сингапур зэрэг холбогдох улсын Үндэсний холбоо барих цэгүүдэд (National Contact Points — NCP) асуудлыг тавих боломжийг судлан ажиллаж байна, гэжээ. 
 
Эх сурвалж: “БАЯЛГИЙН ЭЗЭД АРД ТҮМНИЙ ХӨДӨЛГӨӨН” ТББ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.