Төсөв бүрдүүлэх зорилгоор жижиг ААН-үүдэд татварын шалгалт хийж, дансыг нь хааж эхэлжээ
Үнийн өсөлт иргэд болон татвар төлөгчдөд ихээхэн дарамт болж байгаа талаар ихээхэн шүүмжлэлүүд гарч байна. Үүн дээр нэмээд "дүүргүүдийн татварын хэлтсийн байцаагч нар төсөв бүрдүүлэх зорилгоор жижиг ААН-үүдэд шалгалт хийж, дансыг нь хааж байгаа талаар “Монголын нягтлан бодогчдын нэгдсэн групп”-т нягтлан бодогч нар шүгэл үлээгээд байна.
Тухайлбал, “Монголын нягтлан бодогчдын нэгдсэн групп”-т нэгэн байгууллагын нягтлан бодогч:
"Төсвийн мөнгө бүрдүүлэх үүрэг даалгавар авсан дүүргүүдийн татварын хэлтсүүд арай гэж дэнчигнэж байгаа ААН-үүдээ хасалт хийх зорилготой татварын шалгалтыг эрчимтай явуулж байна. Дандаа жижиг ААН-үүдэд шалгалт орж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Гэтэл том ААН-үүдэд шалгалт орж байна уу..." гэжээ.
Үүний зэрэгцээ постын доорх сэтгэгдлүүдэд татварын шалгалтын үеэр үндэслэлгүй акт тавьсан, улмаар шүүхийн маргаанд хүрч, бизнесээ хаахад хүрсэн гэх хувийн туршлага, гомдлуудаа ч бичжээ.
Бас нэгэн нягтлан бодогч:
"Шалгалт нэрээр бөөн хахууль горьдсон байцаагч нар болсон болоогүй юм гаргаж ирээд л акт тавина. Төсвийн мөнгө бүрдүүл гэсэн гээд л дүүргүүд шалгалт оруулдаг болсон. Тэгээд ийм зүйл дээр акт тавих ёсгүй гэхээр шүүхээрээ яв гэнэ. Жижиг ААН-үүд дампуураад, хаалгаа барьж байна..." гэжээ.
Тухайлбал, нэг иргэн 20 жилийн турш ажиллуулсан бизнесээ татварын шалгалтын улмаас хаахад хүрсэн, 20 ажилтан ажилгүй болох нөхцөл үүссэн, их хэмжээний өрөнд орсон гэх байр сууриа илэрхийлжээ.
Мөн тухайн сэтгэгдэлд 200 сая төгрөгийн татварын акт тавигдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дараа татварын байцаагчид өөрсдийн гаргасан акт алдаатай байсныг хүлээн зөвшөөрсөн гэх мэдээллийг бичсэн байна.
Эцэст нь 20 жилийн хөдөлмөр нэг төсөв бүрдүүлэх гэсэн байцаагчаас болж хаалгаа барьж байгаад гомдолтой байна. Үүний цаана 20-оод ажилтны ар гэр, захирал нь орох орон унах унаагаа зарах дээрээ тулж байна хэмээн бичжээ.
Татварын дарамтанд өртсөн иргэд Монгол Улсын ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлэх талаар ч уриалга гаргасан байна.
Хуулиар татварын хяналт шалгалтыг татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилан хийхээр журамласан бөгөөд шалгалтын явцад мэдээлэл, нотлох баримт, үндэслэл, тооцоо зэргийг бүртгэх шаардлагатай. Мөн татвар төлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах эрхтэй. Тиймээс жижиг ААН-үүдэд шалгалт хэт төвлөрч байгаа эсэх, төсөв бүрдүүлэх зорилгоор шалгалтын тоог нэмэгдүүлсэн эсэх, гаргасан татварын актууд үндэслэлтэй эсэх асуудалд татварын байгууллага тайлбар хийх шаардлагатайг тэд онцолжээ.
Хамгийн гол нь хэдэн тэрбумын өртэй том ААН-үүдээ шалгаж, акт тавьдаггүй атлаа жижиг ААН-үүдээ дээрэлхэж, дампууруулж байгаад гомдолтой байгаагаа бичиж, Ерөнхий сайдад хандах уриалга ч гаргажээ.
Бидний мэдэхээр ХЗДХ-ийн сайдаас саяхан чөлөөлөгдсөн С.Амарсайханы хамаарал бүхий ААН 4 сая долларын татварын өртэй бол Цахим харилцааны сайд Ч.Номингийн хамаарал бүхий Монгол ТВ гурван жилийн турш НДШ-ийн төлбөрөө барагдуулаагүй бөгөөд өөрөө ч үүнийгөө хүлээн зөвшөөрч байв. Мөн Шадар сайд Н.Номтойбаярын МАК групп 53 тэрбумын өртэй ч өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл, татварын хэлтсүүд хяналт, шалгалтаа ялгавартай явуулж жижиг ААН-үүдийг дарамталдаг атал том ААН-үүдэд ямар ч хариуцлага тооцохгүй байдаг нь ихээхэн анхаарал татах асуудал юм. Уг асуудлаар бид холбогдох байгууллага, эрх мэдэлтнүүдээс тодруулж хүргэх болно.
Зураг: Нягтлан бодогчдын групп дэх нягтлангуудын бичсэн нийтлэл:


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.