А.Ариунзаяа: Тийм ээ, би ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр/2026.09.21/ өглөө 14:00 цагаас эхлэхээр байсан ч ирц хүрэлгүй байсаар 18:00 цагт хаасан. Чуулганд оролцохгүй байгаа МАН-ын бүлгийн 30-ын талынхан "А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг "түгжилмаа" гэж нэрлэсэн Боловсролын сайд Л.Энх-Амгаланг уучлалт гуйх ёстой. Хэрэв уучлалт гуйвал чуулгандаа сууна" хэмээн бойкотолж байгаа юм.
Харин УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүдийг чуулгандаа суухыг уриалж, дуудахдаа А.Ариунзаяа гишүүнд хандан "Ардын намын Ариунаа гээд чуулганаа нэг ч тасалдаггүй, өвддөггүй, чөлөө авдаггүй маш үлгэр жишээ гишүүн шүү дээ. Өөрөө чуулганы хуралдаандаа оролцож, гишүүдээ мөн оролцуулмаар байна" гэжээ.
Харин А.Ариунзаяа гишүүн,
Тийм ээ, би ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Одоо ч гэсэн ажлаа чин сэтгэлээсээ хийх эрхийн төлөө улс төрийн эсэргүүцлээ илэрхийлсэн.
Өөрийн ажлын алдааг ийм хөнгөхөн бусад руу чихэж, нэр төрд халдсныг "хардах эрх"-ээр хаацайлхыг анх удаа харж байгаа биш ч гэсэн энэ хандлага нь зөвхөн надад биш, бүр хэсэг бүлэг хүмүүсрүү чиглүүлж байгаад бүр ч илүү эсэргүүцэж байна.
Жагсаалтынхан гэж ирээд л муулах юм... Тэд чинь мэргэжлийн хүмүүс, юм уншдаг хүмүүс, уншсанаа ойлгодог хүмүүс, мэдээж асуулт асууж, бодлогын алдаа засаж залруулахын төлөө ажилладаг хүмүүс юм.
Хэлсэн үг, асуусан асуулт бүр маань "Засгийг шүүмжилсэн, намаас хөөнө" гэх хэлбэрт шилжихвий дээ гэж эмээж эхэллээ. Энэ ах нарын хандлага ийм бодолд хүргэж байна...
2013 оноос хойших улс төрийн замнал маань намын ялалт, хөгжил, ирээдүйн төлөө байсан. Сонгуульд ялалт авчирсан 3 ч намын мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр ажиллаж оюун санаагаа зориулсан нь гарцаагүй үнэн түүх юм даа.
Ялагдсан үед нь зугаалж байсан хүмүүс "Жагсаалтынхан" гэж ирээд үг хэлэх эрхэд маань халдаж байгаад улс төрийн эсэргүүцлээ илэрхийллээ.
Жич: Тэр excel файлыг би хакердаагүй, би хэн нэгэнд явуулаагүй, би хэн нэгэнд нөлөөлж үг асуулт асуулгаагүй, Өргөдлийн байнгын хорооны гишүүн ч биш, огт хамаагүй асуудал.
Юу болсныг нотлох олон үйл явдал, бичлэг, баримт байгаа. Зүгээр л улс төрийн галыг гэмгүй хөөрхий муу "жагсаалтынхан"-руу шидсэн хэрэг, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.