Ж.Баярмаа: Танай намынхан ял наймаалцаад байгаа юм биш үү, Ерөнхий сайд аа?

Ж.Баярмаа: Танай намынхан ял наймаалцаад байгаа юм биш үү, Ерөнхий сайд аа?

ХЗДХ-ийн сайдад Г.Тэмүүлэнг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн хэлсэн үгийг онцлон хүргэе. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Монгол Улсын парламент бол хууль тогтоох дээд байгууллага, улс орны бүхий л салбарын бодлогыг тодорхойлж, хөгжлийг түүчээлэх учиртай гол институц юм. Гэтэл харамсалтай нь, өнөөдөр УИХ маань хүүхэд байхад үздэг байсан кино шиг "манай тал, танай тал" болон талцдаг Ардын намын 30, 38-ын бүлэглэлийн байлдааны талбар болон хувирлаа.

Төрийн эрх барих дээд байгууллага ийнхүү улс төрийн зорилгоор ирцээ бүрдүүлдэг, эсвэл санаатайгаар тасалдаг талбар болж хувирсанд харамсаж байна.

Өчигдөрхөн хуралдаанд орохгүй гэж байсан 30-ын талынхан чинь өнөөлөр орж ирээд суучихсан байна. Яагаад гэнэт ороод ирэв?

Би өмнө нь Засгийн газрыг бүрдүүлж байх үед Ерөнхий сайдаас "Та хуулийн дагуу явагдах ёстой процессыг зогсоож, авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй ял наймаалцаад байгаа юм биш үү?" гэж асууж байсан. Одоо энэ асуултыг дахин асууя. Өчигдөр хурал хаясан хүмүүс өнөөдөр ямар тохироогоор орж ирэв. Та бүхэн дахиад л ял наймаалцчихав уу?

Өмнө нь "Үндсэн хууль зөрчлөө, ийм хэрэг тарилаа" хэмээн шуугиж байсан тэр олон хэргүүд юу болж шийдэгдсэн бэ?

Миний асууж буй гол зүйл бол зөвхөн Хууль зүйн сайдыг томилох тухай биш, ерөөсөө Монгол Улсад шударга ёс тогтох эсэх тухай асуудал юм. Хууль зүйн яам бол шударга ёсны манаанд зогсох ёстой байгууллага. Гэтэл улс төрийн тохироогоор хуралдаанд орж, гардаг энэ байдлын цаана ял наймаалцах асуудал нуугдаж байна уу гэх хардлага төрж байна. Хариуцлагыг дээрээсээ, толгойноосоо эхэлж тооцох ёстой.

Жишээ нь, хэдэн жилийн өмнө идэх зүйл хулгайлсан хүүхдүүд маш хүнд ял авч байсан. Саяхан л гэхэд заал түрээсэлсэн мөнгөний асуудлаас болж багш, захирлууд 2-3 жилийн хорих ял авлаа.

Гэтэл хэдэн тэрбум, их наядаар хэмжигдэх авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд хэзээ хариуцлага тооцох вэ?

"Муу нуухаар сайн илчил" гэдэг. Болохгүй байгаа асуудлыг ярихаар шүүмжлээд байх юм.  Хуульзүйн шинэ сайдыг би хэрэг ярилаа гэж лав буруутгахгүй, харин ч нийгэмд шударга ёс тогтоохын тулд бодит байдлыг ил тод ярих ёстой.

Сүүлийн үед маш ноцтой үйл явдлууд өрнөж байна. Тухайлбал, Амарсайхан сайдыг болон түүний гэр бүлийг гүтгэсэн асуудал гарлаа. Би өөрөө гүтгэлгийн золиос болж байсан хүний хувьд үүнд эмзэг хандаж байгаа бөгөөд үүнийг зохион байгуулалттай гүтгэлэг гэж харж байна.

Гэвч үүний цаана өөр олон ноцтой асуудал бий. Албан тасалгаанд хэрэг наймаалцаж буй бичлэгийг бид харлаа. Шүүхийн шийдвэрт Хууль зүйн сайд нөлөөлсөн тухай мэдээлэл гарсан. Хариуд нь Хууль зүйн сайд "Цагдаагийн байгууллага хар тамхины картел болсон, хорих ангиудад төрийн эсрэг гэмт хэрэгт уриалан дуудаж байна" гэх мэт маш ноцтой мэдэгдлүүдийг хийлээ. Хууль зүйн салбар ийм дорд түвшинд оччихсон хэрэг үү?

Тиймээс би шинээр томилогдож буй сайдаас асууя. Би таныг харьцангуй шударга хүн гэж итгэж, дэмжиж байгаа. Гэхдээ та энэ орооцолдсон гэмт хэргийн сүлжээ болон намынхаа доторх бүлэглэлүүдийн нөлөөллөөс ангид байж чадах уу?

Хоёрдугаарт, цагдаа болон хуулийн байгууллага бол тушаалаар биш, хуулиар ажиллах ёстой институц. Та эдгээр байгууллагыг цэвэр хуулийн хүрээнд ажиллуулж чадах уу?

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.