Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ХНХ-ын сайд Т.Аубакирыг огцрохыг шаардлаа

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд ХБИ-ийг ялгаварлан гадуурхаж, тэдний асрамж, халамжийн мөнгийг нэмүүлээгүй ХНХ-ын сайд Т.Аубакирыг огцрохыг шаардлаа. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл: 

-Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал туйлын хүнд байна. Жишээлбэл, манай гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн, байнгын асаргаа болон эмчийн хяналтад байдаг өндөр настан бий. Өнөөгийн олгож буй халамжийн тэтгэмж нь эм тариа, хүүхдийн сургалтын төлбөр, цэцэрлэгийн зардалд хаанаа ч хүрэлцэхгүй байна.

Инфляц болон үнийн өсөлтөөс шалтгаалан асаргааны мөнгийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байгааг бид төр засагт уламжилж байна. ХНХ-ын сайд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой атал эсрэгээрээ тэднийг үгүйсгэсэн байр суурь илэрхийлж байгаад бид харамсаж байна.

Тэтгэмж нэмэх нь инфляцыг хөөрөгдөж, улс орны эдийн засгийг дампууруулах мэтээр тайлбарлаж байгаа нь туйлын мэдрэмжгүй үйлдэл юм. Мөн эцэг эхчүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлгүй байхад нь халамжид хамруулах гэж оролддог мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл өгч байгаа нь иргэдийн нэр хүндэд халдаж буй хэрэг.

Салбарын сайд нь хүний эрхийн мэдрэмжтэй, иргэдийнхээ зовлон жаргалыг ойлгодог, мэргэжлийн хүн байх ёстой. Гэвч одоогийн сайд Т.Аубакир энэ шаардлагыг хангахгүй байгаа төдийгүй удаа дараа олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн мэдэгдэл хийж байгаа тул бид түүнийг огцрохыг шаардаж байна.

Бидний энэхүү тэмцэл бол ямар нэгэн улс төржилт биш, харин хөгжлийн бэрхшээлтэй 112 мянган иргэний эрх ашиг, амьдрах нөхцөлийг сайжруулахын төлөөх дуу хоолой юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 600 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь сайшаалтай боловч өнөөгийн нийгэмд энэ мөнгөөр сарын хэрэгцээгээ хангах ямар ч боломжгүй.

Тиймээс бид маргааш буюу 10 дугаар сарын 9-ний 11:00 цагт Сүхбаатарын талбайд болох тайван жагсаалд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний ар гэрийнхэн, асран хамгаалагчид болон төрийн бус байгууллагуудыг нэгдэхийг уриалж байна.

Энэхүү жагсаал бол хуулийн хүрээнд, тайван замаар зохион байгуулагдах бөгөөд бид өөрсдийн бодит амьдралын нөхцөл байдлыг төр засагт дуулгаж, салбарын сайдыг огцруулах шаардлагаа албан ёсоор хүргэх болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, эцэг эхчүүд та бүхнийг идэвхтэй оролцож, дуу хоолойгоо нэгтгэхийг хүсэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.