Р.Мөнгөнцэцэг: Халдлагад өртсөн иргэн толгой хэсэг хуулагдсан, гавал тархины яс цөмөрсөн, цээж шахагдаж дарагдсан байдалтай эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж ирсэн

Баавгайд бариулсан иргэн ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед ирсэн байна.

ГССҮТ-ийн ХМОНХ мэргэжилтэн Р.Мөнгөнцэцэг: 

Өнгөрсөн шөнийн 00:01 цагийн үед Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тухайн өвчтөн биеийн байдал маш хүнд ирсэн. Анхан шатны үзлэгээр толгойн хэсэгтээ том хэмжээний хуулагдсан шархтай, гавал тархины ясны цөмрөлт, цууралттай, мөн цээжний хөндий шахагдаж дарагдсан гэсэн оноштойгоор эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж эхэлсэн.

Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоогоор өвчтөнд толгойн мэс засал яаралтай хийх шаардлагатай гэж үзсэн. Үүний дагуу ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасагт шилжүүлэн, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Яг одоо тухайн өвчтөнд гавал ясны цөмөрсөн хэсгийг өргөх, шархыг цэвэрлэж цэгцлэх мэс заслын эмчилгээ хийгдэж байгаа. 

Манай салбар эмнэлэгт анх ирсэн үеийг бодвол шархыг цэгцлэх, цэвэрлэх болон биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг шуурхай авсны хүчинд өвчтөний биеийн байдал ерөнхийдөө тогтворжсон. Биеийн байдал маш хүнд байснаас хүндэвтэр байдал руу шилжсэн гэж хэлж болно. Ухаан санаа саруул, хариу үйлдэл үзүүлэх чадвар нь харьцангуй гайгүй байгаа.

Өвчтөний ар гэрийнхэн эмнэлэг дээр ирсэн байгаа. Эмнэлгийн зүгээс өвчтөнд хийгдэж буй тусламж үйлчилгээ болон биеийн байдлын талаарх мэдээллийг ар гэрийнхэнд нь хоёр цаг тутамд тогтмол өгч ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.