Сэтгүүлч Б.Даваахүүг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулж бус, бүлэглэсэн гэмт хэрэгт оролцсон, хамтран ажилласан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна
Сэтгүүлч Б.Даваахүүг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулж бус, бүлэглэсэн гэмт хэрэгт оролцсон, хамтран ажилласан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна
ЦЕГ-аас ЭЦА-ны дэд дарга Г.Пүрэвдэлгэр Сэтгүүлч Б.Даваахүүгийн хэрэгт холбогдох мэдээллийг өглөө:
Цагдаагийн байгууллагаас энэ оны 9-р сарын 24-ний өдөр цахим орчинд төрийн албан тушаалтнуудын дүр төрхийг хиймэл оюун ухаан ашиглан хувиргасан 3 минут 45 секундийн дүрс бичлэг, мөн 11-р сарын 2-ны өдөр "Тodxar.mn" фэйсбүүк хуудсаар улс төрчдийн гэрэл зургийг эвлүүлж түгээсэн гомдлыг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд иргэн Д нь нэр бүхий иргэдтэй бүлэглэн, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан "Нийтийн албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээллийг тараахаар сүрдүүлсэн" болох нь дараах баримтуудаар тогтоогдсон байна.
Сэжигтнүүдийн орон байр, тээврийн хэрэгсэл, гар утас болон зөөврийн компьютерт прокурорын зөвшөөрөлтэйгээр үзлэг, нэгжлэг хийсэн. Үзлэгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахим хуудсууд, гэрчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг болон арилжааны банкны дансны гүйлгээ нь зэргээр гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогдсон гэж үзжээ. Үүнд үндэслэн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэн Д, М, Л нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийн газарт, хувцас бие, эд зүйл, орон байрт ул мөр илэрснийг үндэслэн арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хойшлуулшгүйгээр баривчилж, шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримтыг үндэслэн иргэд Д,М, Л нарт эрүүгийн дээрх зүйл ангиар 11-р сарын 7-ны өдөр Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Д-тэй бүлэглэн үйлдсэн байж болзошгүй иргэн Б нь 9-р сарын 14-ний өдөр хилээр гарсан нь тогтоогдсон. Гэмт хэрэгт хамтран оролцсон иргэн М нь 100 гаруй үүрэн холбооны сим карт ашиглан 2000 орчим хуурамч буюу "тролл" хаяг үүсгэж, БНХАУ болон Вьетнам улсад боловсруулсан тусгай программ хангамжаар дамжуулан олон нийтийн үзэл бодолд нөлөөлөх, сөрөг сэтгэгдэл бичих ажлыг зохион байгуулдаг нь тогтоогдсон. Тэрээр "Төрийн радар", "Шилдэг кинонууд", "Хэн ч ярихгүй", "Тоdxar.mn" зэрэг пэйжүүдийг ашиглан автоматжуулсан системээр мэдээлэл түгээж байсан. Иргэн Б нь энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан нь Хил хамгаалах байгууллагын лавлагаагаар тогтоогдсон тул түүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байна.
Сэтгүүлч Д.Даваахүүг шалгаж буй асуудлын тухайд, түүнийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулж бус, харин дээрх бүлэглэсэн гэмт хэрэгт оролцсон, бусад сэжигтнүүдтэй хамтран ажиллаж байсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгааг тодотголоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.