ТӨК-удын олсон орлогыг ийнхүү шууд төсөв рүү татаж, цалин тэтгэвэрт зарцуулж байгаа нь тухайн компаниудын хэвийн үйл ажиллагаа, хөгжилд маш сөрөг нөлөөтэй

 

ТӨК-удын олсон орлогыг ийнхүү шууд төсөв рүү татаж, цалин тэтгэвэрт зарцуулах нь тухайн компаниудын хэвийн үйл ажиллагаанд маш сөрөг нөлөөтэй 

Эдийн засагч Р.Даваадорж улсын төсвийн зарцуулалт болон ТӨК-иудын орлогыг улсын төсөвт тусгах тухай хуульчилсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх тухай зэрэг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ:

Эдийн засагчийн хувьд төрийн өмчит компаниудаас (ТӨК) 3.5 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр улсын төсөвт тусган баталсан нь хууль эрх зүйн болон засаглалын хувьд ноцтой алдаа гэж харж байна. Компанийн тухай хуулиар санхүүгийн жил дууссаны дараа Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хуралдаж, цэвэр ашгийг хэрхэн хуваарилах, хэдийг нь хөрөнгө оруулалт болон өр төлбөрт зарцуулах, хэдийг нь ногдол ашиг болгон өгөхөө бие даан шийдвэрлэх ёстой. Гэтэл энэхүү шийдвэр нь ТУЗ-ийн бүрэн эрхэд халдаж, Компанийн тухай хуулийг шууд зөрчсөн үйлдэл боллоо.

Монгол Улсын төсөв ердөө гурван жилийн дотор хоёр дахин тэлж, урсгал зардлаа нөхөхийн тулд компаниудын ирээдүйн орлогыг урьдчилан төсөвт тусгаж байгаа нь олон улсын төсвийн практикт байхгүй үзэгдэл юм. ТӨК-удын олсон орлогыг ийнхүү шууд төсөв рүү татаж, цалин тэтгэвэрт зарцуулж байгаа нь тухайн компаниудын хэвийн үйл ажиллагаа, хөгжилд маш сөрөг нөлөөтэй бөгөөд үүний гашуун үр дагавар 2027 оноос эхлэн бодитоор мэдрэгдэх болно. ТУЗ-ийн шийдвэрийг хэдхэн дарга нар орлож, төсвийн хуулиар дамжуулан 3.5 их наяд төгрөг гэсэн тоог шууд тулгаж байгаа нь энэ жилийн төсвийн хамгийн том алдаа байлаа.

 Ийм нөхцөлд ТӨК-уд олон улсын зах зээлд IPO гаргах, гадаадын хөрөнгө оруулалт татах ямар ч боломжгүй болж байна. Ашиг орлогоос үл хамааран төсөв рүү шууд татан төвлөрүүлдэг компанид хөрөнгө оруулах зоригтой түнш олдохгүй. Үе үеийн Ерөнхий сайд нар ТӨК-удыг хувьчилж, олон улсын зах зээлд гаргана гэж ярьдаг ч бодит байдал дээр үүнийхээ яг эсрэг шийдвэрүүдийг гаргаж байгаа нь харамсалтай. Нөгөө талдаа Монголбанкны 7.5 их наяд төгрөгийн алдагдлын асуудал ил болж, төсөвт тусгагдсан нь зөв алхам юм. Өмнө нь энэ алдагдлыг зөвхөн улс төржүүлж, нуун дарагдуулдаг байсан бол одоо бодит тоог ил гаргаж, шийдвэрлэхээр ярилцаж эхэлсэн нь сайшаалтай. Сонгуулийн өмнө ард түмэнд таалагдахын тулд төсвийн шинж чанартай үйл ажиллагаа явуулах нь эргээд ийм их хэмжээний алдагдал дагуулдаг гэдгийг парламент болон олон нийт ойлгож эхэллээ. Цаашид Монголбанк төсвийн шинж чанартай үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байх эрх зүйн зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй. Энэхүү 7.5 их наядын алдагдлыг шийдвэрлэх гарцыг тохиролцож эхэлсэн нь эдийн засгийн хувьд эрүүл үзэгдэл гэж харж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.