Ахмад настан Б.Даваа: Тэтгэвэр авдаг ч тэр нь амьдралд хүрэлцэхгүй учраас энд 7 жил сууж, тамхи зарж, жин үзэж амьдралаа залгуулж байна

Монгол Улсад эрх нь хамгийн ихээр зөрчигддөг бүлгийн нэг бол ахмад настнууд бөгөөд тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцдэггүй учраас ахмад настан Б.Даваа гуай өдөр бүр тамхи зарж, худал хэлж, хулгай хийж, гуйлга гуйхгүйгээр хөдөлмөрлөж, өдөртөө 20-30 мянган төгрөг олж амьдралаа залгуулж байна.

Ахмад настан Б.Даваа:

Гэртээ зүгээр сууна гэдэг хэцүү. Эрүүл агаарт гараад өдрийнхөө хоолны мөнгийг олох гээд л сууж байна. Би тэтгэвэр авдаг ч тэр маань хаашаа ч хүрэхгүй, амьдралд дэм болох нь муу байна. Тийм учраас л ингээд гадаа суудаг юм. Зөвхөн би ч биш, өөр олон хүн ингэж суудаг. Ширхгийн тамхи, бохь зараад олсон мөнгөөрөө хоолныхоо хэрэгцээг зохицуулдаг.

Номын сангийн автобусны буудал дээр долоон жил сууж байна. Би 68 настай. Тэтгэврийн доод хэмжээ болох 769 мянган төгрөг авдаг. Өдөр бүр 16:00-17:00 цагийн орчимд гарч, орой 20:00 цаг өнгөртөл суудаг.

Өдөрт дунджаар 20-30 мянган төгрөгийн орлого олж, түүнийгээ хоол хүнсэндээ зарцуулдаг. Ширхгийн тамхийг 400 төгрөгөөр, хүмүүсийн жинг 200 төгрөгөөр үздэг.

"Бид энд худлаа хэлж, хулгай хийж, гуйлга гуйгаагүй. Хүнийхээ ёсоор цэвэр хөдөлмөрөөрөө амьдарч байна. Тэтгэвэр маань хаашаа ч хүрэхгүй байна. Мах, нүүрс, мод гээд бүх юмны үнэ нэмэгдчихсэн. Нэг айлд долоон шуудай нүүрс авлаа гэхэд л дуусчихдаг. Тэтгэврийн зээл авч гурил, будаа, түлээгээ зохицуулахаас өөр аргагүй байдаг".

Би залуудаа 25 жил ажиллаж, 50 насандаа тэтгэвэрт гарсан. Одоо Яармагт хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг. Миний хань таван жилийн өмнө өөд болсон өмнө нь ханьтайгаа хамт гадаа суудаг байсан. Тэтгэвэр нэмэгдсэн ч дагаад бараа бүтээгдэхүүний үнэ, эмийн үнэ өсөж байгаа нь ахмадуудын амьдралд бодит дэмжлэг болж чадахгүй байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 534 мянган ахмад тэтгэвэр авч байна. Тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг байгаа бөгөөд Засгийн газраас ажилласан жилтэй нь уялдуулан суурь тэтгэврийн зохицуулалт хийснээр энэ дүн дунджаар 930 мянган төгрөг болж байгаа юм. Ахмадуудын 70 орчим хувь нь ийм хэмжээний тэтгэвэр авч байна.

Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын тэтгэврийн хэмжээ бага түвшинд байна. Европын статистик мэдээгээр нэг хүнд оногдох тэтгэврийн дундаж хэмжээ Исланд улсад 12.5 сая төгрөг, Люксембургт 11.3 сая төгрөг байдаг. Харин Монгол Улсын дундаж тэтгэвэр болох 1 сая 190 мянган төгрөг нь Исланд улсаас 10.5 дахин, Люксембург улсаас 9.5 дахин бага үзүүлэлт юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.