Төв банкны дунд хугацааны стратегийн хүрээнд 2030 он гэхэд инфляцыг зорилтот түвшинд хүргэж тогтворжуулна
Төв банкны дунд хугацааны стратегийн хүрээнд 2030 он гэхэд инфляцыг зорилтот түвшинд хүргэж тогтворжуулна
Өнөөдөр УИХ-ын чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Өнгөрсөн 15 жилийн эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлт, сургамж, өнөөг хүртэл хуримтлагдсан суурь асуудлуудыг тодорхойлж, цогцоор нь шийдвэрлэх багц шийдлийг санал болгосон гээд, эдгээр арга хэмжээнүүд нь Монголбанкны 2026-2030 оны дунд хугацааны стратегид тусгасан шинэчлэлийн эхлэл болж байна. Мөн 2030 он гэхэд инфляцыг үе шаттайгаар бууруулан гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт онцолсон юм.
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:
Энэ удаагийн мөнгөний бодлогод сүүлийн 15 жилийн хугацаанд хуримтлагдсан суурь асуудлуудыг нухацтай авч үзэж, тогтолцооны шинэчлэл хийх замаар эрх зүйн орчныг тодорхой болгох зорилтуудыг тусгалаа. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг уг бодлогын төслийг анх удаа ийм нарийвчилсан түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд гишүүдийн зүгээс асуудлыг бодитойгоор үнэлж, дэмжсэн байр суурьтай байна.
Засгийн газар, Ерөнхий сайд болон Сангийн сайдын зүгээс мөнгөний бодлогын мөн чанарыг ойлгож, хамтран шийдвэрлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Өмнө нь Сангийн яам болон Төв банкны бодлого хоорондоо зөрчилдөх тохиолдол гардаг байсан бол энэ удаад олон улсын сайн туршлагын дагуу нэгдсэн зорилгын дор ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа батлагдсанаар Монгол Улсын нэр хүнд, зээлжих зэрэглэл болон олон улсын үнэлэмж эрс сайжрах хүлээлттэй байна.
Төв банкнаас төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахгүй, мөнгө хэвлэж төсвийн санхүүжилт хийхгүй гэдгийг Ерөнхий сайд олон нийтэд зарласан. Өнгөрсөн хугацаанд Төв банкны хуримтлагдсан алдагдал 19 их наяд төгрөгт хүрсэн тул үүнийг бууруулах зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргах асуудлыг хэлэлцэж байна:
- 2028 оноос 2032 он хүртэл жилд нэг их наяд төгрөгийн үнэт цаас гаргаж, Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөхөөр төлөвлөж байгаа юм. Энэ нь зах зээл дээрх илүүдэл мөнгийг шингээх, эрсдэлгүй санхүүгийн хэрэгслийн өгөөжийн муруйг бий болгох ач холбогдолтой.
-Валютын зах зээлийг шат дараатайгаар зах зээлийн зарчимд шилжүүлэх шинэчлэлийг эхлүүлнэ. Одоогоор Төв банк зах зээлийн зохицуулагч бус, хамгийн том тоглогч болоод байгаа нь алдагдлыг нэмэгдүүлж, механизмыг гажуудуулах нэг шалтгаан болж байна. Иймд валютын захыг шууд бус, үе шаттайгаар чөлөөлж, 2030-аад он гэхэд бүрэн зах зээлийн зарчимд шилжүүлэхээр төлөвлөж байна.
-Инфляцын түвшин 10 дугаар сарын байдлаар 13.4 хувьд хүрсэн бөгөөд үүний 6.8 нэгж хувийг нийлүүлэлтийн гаралтай хүчин зүйлс эзэлж байна. Төв банк инфляцыг бууруулах чиглэлээр мөнгөний бодлогын болон макро зохистой хэрэгслүүдийг ашиглана.
Эдийн засгийн өсөлт 7.6 хувьтай байгаа ч энэ нь голчлон уул уурхай, тээврийн салбарт төвлөрч, худалдааны салбар агшиж, өрхийн орлого 4.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Иймд бодлогын хүүг тогтоохдоо иргэдийн амьдрал, бодит эдийн засагт үзүүлэх нөлөөг давхар тооцож, үнийн тогтвортой байдлыг хангах тууштай бодлого баримтална. Цаашид хэрэглээний зээлийг хязгаарлаж, бизнесийн зээлийг дэмжих замаар эдийн засгийн бүтцийг баялаг бүтээгчид рүү чиглүүлэх бодлого баримтална. Төв банкны дунд хугацааны стратегийн хүрээнд 17 арга хэмжээг хэрэгжүүлж, 2030 он гэхэд инфляцыг зорилтот түвшинд хүргэж тогтворжуулахаар зорьж байна. Үүний тулд Төв банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад холбогдох хуулиудад эрх зүйн цогц шинэчлэл хийх шаардлагатай байгаа бөгөөд төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах нь нэн чухал юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.