Төсвийг 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн атлаа инфляцыг 6 хувьд барих шаардлага тавих эрх УИХ-ын гишүүдэд байхгүй
Төсвийг 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн атлаа инфляцыг 6 хувьд барих шаардлага тавих эрх УИХ-ын гишүүдэд байхгүй
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тогтоолын төслийг батлах тухай УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлгийн үеэр тус тогтоолын төслийн ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ө.Шижир үг хэлсэн юм. Тэрээр улсын төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдаатай байх ёстой. Гэвч УИХ-аас баталсан төсвийн тэлэлт нь инфляцыг тогтоон барих зорилтод сөргөөр нөлөөлж болзошгүйг хатуу анхаарууллаа:
“Улсын төсөв, мөнгөний бодлого хоёр нэг уялдаатай байх ёстой. Улсын төсвөө баталсны дараа мөнгөний бодлогоо хэрэгжүүлдэг. Гэтэл төсвийг 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлчихээд инфляцыг зургаан хувьд барих шаардлагыг Монголбанканд тавьж болохгүй” Төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хяналт тавих бүрэн эрхээ хангалттай хэрэгжүүлээгүй, тойрог, орон нутаг, сургууль зэрэгтэй холбоотой хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэнээр гишүүдийн хяналт, шаардлага сулрах нөхцөл бүрдсэн. Ирэх оны улсын төсвийн хэмжээ өмнөх оноос 30 гаруй хувиар өсөж байгаа нь анхаарах асуудал бөгөөд төсвийн ийм тэлэлт инфляц, хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлөх эрсдэлтэй.
“Монгол Улс хэнтэй дайтаад улсын төсвөө 30 хувиар нэмэгдүүлж байгаа юм бэ? Сонгууль угтсан төсөв ийм аюултай. Төсөв гэдэг бол тухайн жилийн улсын ажлын төлөвлөгөө. Төлөвлөгөө, төсөв хоёртоо ийм хайнга хандчихаад бид ирээдүйгээ юугаар төсөөлөх юм бэ?”
Төсвийн хөрөнгө оруулалтын зардлаар барилга байгууламж барьж байгуулахын зэрэгцээ тэдгээрийн цаашдын ашиглалт, урсгал зардлыг хэрхэн санхүүжүүлэх асуудлыг урьдчилан тооцох шаардлагатайг дурдав. Нүүрсний экспортын хэмжээ буурах тохиолдолд төсвийн орлого тасалдаж, алдагдал нэмэгдэх эрсдэлтэй. Төсвийн шинжтэй арга хэмжээг Монголбанк болон төрийн өмчит компаниудаар дамжуулан санхүүжүүлэх явдлыг хязгаарлах шаардлагатай.
“Сүүлдээ бид гурван төсөвтэй боллоо. Улсын төсөв гэж нэг байна, Монголбанкны санхүүжилт гэж нэг байна, төрийн өмчит компаниудын төсөв гэж байна. Ингэж явбал хэнээс юу шаардах юм бэ?”
УИХ-ын гишүүдээ төсөв батлахдаа хариуцлагатай хандах ёстойг, 2027 оны инфляцын зорилтын талаар Монголбанканд шаардлага тавихаасаа өмнө өөрсдийн баталсан төсвийн тэлэлтэд дүгнэлт хий. “2027 онд инфляцыг тодорхой түвшинд барь гэж Монголбанканд шаардлага тавих эрх та нарт үлдээгүй. Өөрсдөөсөө эхлээд асуу” гэдгийг дахин сануулая.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.