Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы Баасан гарагийн (2026.11.20) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад 126 гишүүнээс 64 буюу 50.8 хувь нь хүрэлцэн ирснээр эхлэв.
Гишүүдийн ирцийн мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Хууль тогтоолын төслүүдийн талаарх санал хураалтыг явуулав
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, холбогдох санал хураалтуудыг явуулсан. /дэлгэрэнгүйг эндээс/

Тодруулбал, "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон баталья" гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 76 гишүүний 68 нь дэмжлээ. Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцэслэн баталсанд тооцлоо.
Мөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон 77 гишүүний 64 нь дэмжлээ. Ингэснээр уг тогтоолын төслийг баталсанд тооцов.

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очироос санаачлан, өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийн санал хураалтаар үргэлжлэв. Хуралдаанд оролцсон 78 гишүүний 65 буюу 83.3 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас чөлөөлөх нууц санал хураалтыг явууллаа. Хуралдаанд оролцсон 78 гишүүний 45 буюу 57.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.