С.Бямбацогт: Би дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй. Харин одоо үлдсэн хугацаанд яаж Монгол Улсынхаа эв нэгдэл, хөгжилд анхаарах вэ гэдэгт төвлөрч ажиллана
Монгол Улсын 6 дах ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа өгсөнөөр С.Бямбацогт үүрэг гүйцэтгэхээр боллоо.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт:
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хавсран гүйцэтгэхээр боллоо. Энэ нь 1993 оны Ерөнхийлөгчийн тухай хууль болон Үндсэн хуулийн холбогдох заалтын дагуу хэрэгжиж буй анхны тохиолдол юм.
Шинэ Ерөнхийлөгч сонгогдож, УИХ-аар баталгаажуулан тангараг өргөх хүртэлх гурваас дөрвөн сарын хугацаанд УИХ-ын дарга төрийн тэргүүний үүргийг хавсран гүйцэтгэнэ.
Төрийн тэргүүн бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Энэхүү хариуцлагатай үүргийг гүйцэтгэхдээ юуны өмнө үндэсний эв нэгдлийг хангах, ард түмний амгалан тайван байдлыг сахих, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахад голлон анхаарч ажиллана. Зайлшгүй тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, бусад үед хязгаарлагдмал хүрээнд ажиллах зарчим баримтлах юм байна.
Ерөнхийлөгчийн тамгыг өнөөдөр 11:00 цагт хүлээн авсан бөгөөд одоогоор хууль эрх зүйн зохицуулалтуудыг нарийвчлан судалж байна. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон 22, бусад хуулиар олгосон 45 бүрэн эрх байдаг тул эдгээрийг хэрхэн хавсран гүйцэтгэх талаар УИХ-ын Тамгын газар болон холбогдох байгууллагууд судалгаа хийж байгаа аж.
Шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг хууль санаачлах эрх бүхий субъектүүдийн хүрээнд хэлэлцэх шаардлагатай. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч чөлөөлөгдсөнөөс хойш дөрвөн сарын дотор дараагийн сонгуулийг зохион байгуулж дуусгах ёстой.
Сонгуулийн товыг ирэх 12 дугаар сарын 20-ны дотор гаргахаар төлөвлөж байна. УИХ-ын даргын зүгээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өмнө нь илэрхийлсэн байр суурь хэвээр байгаа бөгөөд одоогийн нөхцөлд улс төржихөөс илүүтэй улс орны тогтвортой байдал, хариуцлагатай ажиллагаа чухал байна.
Дараагийн Ерөнхийлөгч нь улс төрөөс ангид, талцал хуваагдлыг үүсгэдэггүй, үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг хүн байх ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн УИХ-ын даргын чиг үүргийг дэд дарга нарт шилжүүлэх эсэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх бөгөөд одоогоор энэ төрлийн зохицуулалт байхгүй тул хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.