Улс тунхагласны ойн барилдаанд Монгол Улсын заан С.Сүхбат 3 жил дараалан түрүүлж чадах уу
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 102 жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхэн үйл явдалд зориулсан чансаа өндөр 128 хүчит бөхийн барилдаан 11 дүгээр сарын 26-ны өдөр 13:00 цагаас Бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулийг баталснаар хаант засгаас бүгд найрамдах засаглалд шилжсэн түүхтэй.
Уг шийдвэр нь олон зуун жилийн турш үргэлжилсэн Манж Чин улсын ноёрхлыг эцэслэж, 1911 оны тусгаар тогтнолын төлөөх тэмцэл болон 1921 оны ардын хувьсгалын ололтыг бататгасан шийдвэрлэх алхам болсон юм. Тухайн үед Богд хаан таалал төгссөний дараа улс орноо бүгд найрамдах засаглалтай болгон зарлаж, дэлхийн хоёр дахь социалист систем бүхий засаглалыг тогтоож байжээ. Түүнчлэн энэхүү Үндсэн хуулиар нийслэл хүрээг Улаанбаатар буюу "Улаан баатар" хэмээн нэрлэх түүхэн шийдвэрийг гаргасан байна.
Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон энэхүү өдрийг 2012 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон албан ёсоор тэмдэглэх болсон.
Түүхийн явцад энэхүү баярын ач холбогдол нь хувьсан өөрчлөгдөж, өнөөдөр ардчилсан нийгмийн үнэт зүйл, тусгаар тогтнолын төлөөх тууштай тэмцэл болон эх орныхоо хөгжил дэвшлийг илэрхийлэх үндэсний томоохон тэмдэглэлт өдөр болжээ. Энэхүү түүхэн өдөр нь нийт ард түмний эв нэгдэл, үндэсний өв соёлоороо бахархах чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Улс тунхагласны ойн барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ. 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэхүү барилдаан 1996 онд тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй бөгөөд мөн 2009 онд N1H1вирусын улмаас олон нийтийн газруудад карантин тогтоогдож зохион байгуулагдаагүй өнжсөн билээ.
Мөн улс тунхагласны ойн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол Улсын заан С.Сүхбат хоёр жил дараалан түрүүлээд байгаа юм.
Бүх нийтийн амралтын өдөр тул маргааш сургууль, цэцэрлэг, банк болон төрийн байгууллагууд ажиллахгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.