“Z” үеийнхэн улс орны ирээдүйн жолоог гартаа атгана

1083

Өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд нийслэлийн 9 дүүргийн 600 хүүхдийн төлөөллийг хамруулан АЛСЫН ХАРАА-25 “Z” үеийнхэн уулзалт, хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар зохион байгуулжээ.

Энэ уулзалтаар мэдээлэл технологийн эрин үед төрсөн “Z” generation буюу мэдээллийн зууны өсвөр үеийн дуу хоолойг сонсох, тэд 25 жилийн дараа улс орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах чиглэлээр судалгаа хийх, өсвөр үеийхний оролцоог дэмжих, гаргасан санал санаачилгыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудын бодлого шийдвэрт тусгахаар болжээ.

“Z” үеийнхэн гэж 1997-2012 онд төрсөн хүүхдүүд бөгөөд тэдний онцлог нь техник, технологийн мэдлэг сайтай. Мөн түүндээ тулгуурлаж, нийгмийн харилцаанаас илүү онлайн харилцааг илүүд үздэг. Тэдний сэтгэлгээ илүү глобал шинжтэй байдаг. Z үеийнхэн нийгэмд эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид байхыг хүсдэг байна.
Тэдний оролцоо, идэвх санаачилгаас эх орны ирээдүй шалтгаална.

Тиймээс эх орны ирээдүйг бүтээлцэх эрхэм “Z” үеийнхний санал санаачилгыг урт хугацааны хөгжлийн бодлогод тусгах нь чухал юм.  Тэдний оролцоо, идэвх санаачилгаас эх орны ирээдүй шалтгаална. 2010-2030 оны хооронд Монголд “ХҮН АМЫН ЦОНХ ҮЕ” нээгдэх бөгөөд энэ жилүүдэд залуучуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг хамгийн их байна гэсэн үг. Тэдний өмнө тулгамдах асуудал ч нийгмийн зонхилох сэдэв байх болно. Одоо шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд ирж яваа цагийн өнгийг мэдэрдэг, алсыг харах чадвартай, аливаа асуудлуудыг шийдэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй, онол хийгээд хүнлэг мэдрэмжийг хослуулж чадах “Z” үеийнхэн улс орны ирээдүйн жолоог гартаа атгах юм.

Уулзалтын үеэр хүүхэд бүрийн оролцоог хангах зорилгоор “Хүслийн мод” үйл ажиллагаа зохион байгуулж, оролцогч тус бүрийн санал санаачилга, хүсэл мөрөөдлийг хүслийг модны навчин дээр бичүүлж, хүүхдийн эрхийн конвенцийн үндсэн зарчмуудад тулгуурлан оролцогч хүүхдүүдээс:
– Өөрийгөө 15-20 жилийн дараа ямар байна гэж төсөөлж байна вэ?
– Монгол Улсын ирэх 20 жилийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
– Энэ ирээдүйг бий болгоход таны оролцоо юу байх вэ?
– Мөрөөдөлдөө хүрэхэд танд юу хэрэгтэй вэ?
– Та одооноос юуг хийж эхлэх вэ? зэрэг асуулгад хариулт авлаа.

Монгол Улсын нийт хүн амын 36.3 хувь буюу 1/3-ийг 18 хүртэл насны хүүхэд эзэлдэг. Хүүхдүүд өөрийн амьдралд хэрэгтэй мэдээллийг олж авах, өөрийгөө хөгжүүлэх хамгаалах, санал бодлоо илэрхийлэх гэр бүл, сургууль олон нийтийн хүрээнд өөрт хамааралтай шийдвэр гаргахад оролцох, шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авах, өөрийн болон хамт олны эрх ашгийг хамгаалах зорилгоор нэгдэж байгууллага клуб, бүлгүүдийг үүсгэх, тэдгээрт нэгдэн орох эрхээ эдлэхийг хүүхдийн оролцоо гэж тодорхойлсон байдаг. Хүүхдийн үзэл бодол, дуу хоолойг сонсож бодлого шийдвэртээ тусгах нь улс орны хөгжил дэвшилд үнэ цэнэтэй, чухал юм.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 12 дугаар зүйлд оролцогч улсууд өөрийн үзэл бодолтой байх чадвар бүхий хүүхдийг өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас, төлөвшлийг харгалзан түүний үзэл бодолд зохих ач холбогдол өгнө[2] хэмээн заасан.

Монгол Улс Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг боловсруулан 2018-2019 оны үйл ажиллагааг баталсан. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтод Хүүхдийг сонсох, үзэл бодлыг хүндэтгэх нийгмийн хандлагыг төлөвшүүлж, бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, явцад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх хэмээн тодорхойлсон.

Мөн Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.1.3.3 дугаар зүйлд заасны дагуу Хүүхдийн өөрийн удирдлагын болон сайн дурын хөдөлгөөнүүдийн нэгдсэн болон бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг, чуулганыг зохион байгуулж гарсан санал шийдвэрийг хэрэгжүүлэхээр заасан нь хүүхэд, өсвөр үеийнхэн санаа бодлоо илэрхийлж, шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцож, тэдэнд санаачилга гаргах боломжоор хангагдан, хариуцлагатай бүтээлч үйлийг хийхэд нөлөөлөх юм.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here