М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Үйлдвэрийн хаягдал усыг “Амгалан” ДЦС технологийн хэрэгцээнд дахин ашиглаж эхэлжээ

169

Төр хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа Амгалан дулааны станц ТӨХК технологийн хэрэгцээндээ М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглаж эхэлжээ.

Ингэснээр Амгалан Дулааны Станц ТӨХК нь төрийн өмчийн станцууд дундаа ногоон шийдэл нэвтрүүлсэн анхны станц болж, Улаанбаатар хотын эрчим хүч, усны менежментийн салбарт шинэ шат ахисан түүхэн үйл явдал тохиож байна. Энэхүү төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хүсэлтээр Дэлхийн Банкны “2030 Усны Нөөцийн Бүлэг” нь 2020-2024 онд БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж, дулааны станцын технологийн хэрэгцээнд тус компанийн Үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг ашиглах боломжтой болохыг баталгаажуулан тогтоож байжээ.

Уг хоёр байгууламжийн хооронд 2.5 км зайтай бөгөөд усыг нийлүүлэхийн тулд М-Си-Эс Кока-Кола компани 3.5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө оруулалтаар шугам хоолой, нэмэлт тоног төхөөрөмж суурилуулан Амгалан дулааны станц ТӨХК-д шууд хүлээлгэн өгч буй аж.
Амгалан дулааны станц ТӨХК нь Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангадаг эх үүсвэр бөгөөд 9-р сарын 15-ны өдрөөс 5-р сарын 15-ны хооронд М-Си-Эс Кока-Кола ХХК-аас технологийн хэрэгцээний усны 40 хувиа ийнхүү авах юм.
Энэ нь нийт 120.000 метр куб ус байх бөгөөд жил бүр 600 мянган хүний нэг өдрийн усны хэрэглээтэй дүйцэхүйц газрын доорх усны нөөцийг хамгаалах ач холбогдолтой түншлэл болж байна.
Тус станцын хувьд өөрийн технологийн хэрэгцээний хаягдал усаа үйлдвэрлэлийн шат дамжлагад эргүүлэн ашигладаг байсан бол үүн дээр нэмээд гадны эх үүсвэрээс буюу М-Си-Эс Кока-Кола компанийн цэвэрлэсэн хаягдал усыг хэрэглэдэг болсноор технологийн хаягдал усгүй жишиг станц болж байна.
УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН САЛБАРТ НОГООН ШИЙДЭЛ НЭВТРҮҮЛСЭН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ ТОХИОЖ БАЙНА
Ийнхүү үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглах замаар Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах шийдэл нь хаягдалгүй эдийн засгийн замаар ногоон хөгжлийг бий болгох байгаль орчин, нийгмийн эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн олон эерэг үзүүлэлтийг авчирж буй болохыг талууд онцолж байна.
“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал М.Мөнхөө:
Нэг талдаа цэнхэр алт болсон цэвэр цэнгэг усны нөөцийг хэмнэх, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, нөгөө талдаа хаягдалгүй эдийн засаг, ногоон хөгжлийн зорилтыг хангасан олон талын ач холбогдолтой төслийн нээлтийг өнөөдөр хийж байгаадаа талархалтай байна.
Уг төслийн ТЭЗҮ боловсруулах зардлыг БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлэлийн сангаас санхүүжүүлсэн бол, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг М-Си-Эс Кока-Кола компани нийгмийн хариуцлагын хүрээнд сэтгэл гаргаж, бүрэн санхүүжүүлсэн бөгөөд улсын төсвөөс зардал гараагүй болохыг онцлон хэлэх нь зүйтэй.
Усны газрын дарга З.Батбаяр:
Улаанбаатарчууд суурин амьдралд шилжсэнээс хойш түүхэндээ анх удаа хаягдал усыг эргэлтэд оруулж, бидний амьдралд шинэ хуудас нээгдлээ. Тиймээс миний хувьд өнөөдөр шинэхэн хүүгээ өлгийдөн авч буй аав шиг баярлаж байна.
Учир нь М-Си-Эс Кока-Кола компанийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд ашигласнаар өрх бүр тухтай амрах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар хотын усан хангамжийн тогтвортой байдал бодитоор сайжирч буй юм. Хаягдал усыг нөөц болгон ашиглаж буй энэхүү жишиг нь зөвхөн хоёр байгууллагын хамтын ажиллагаа төдий бус, ирээдүй үеийн мянга мянган хүүхдийн ундны усны баталгааг хамгаалж буй хэрэг. Тиймээс уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн оролцогч талууд, бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав:
Миний бие Дэлхийн банкны дэргэдэх “2030 Усны нөөцийн бүлэг”-ийн ажлын зөвлөлд есөн жилийн хугацаанд ажилласан. Өнөөдөр Улаанбаатар хотын зүүн бүсийн дулаан хангамжид усны асуудал чухал байгаа энэ цаг үед хувийн хэвшил нь манлайлж, төр нь дэмжлэг үзүүлэх жишгээр төр хувийн хэвшлийн нэгэн жишгийг бид тогтоож чадлаа.
Энэ хамтын ажиллагааны үр дүнд хаягдалгүй тойрог эдийн засгийг бий болгож, 3R буюу усны хэрэглээг бууруулах, хэрэглэсэн усаа цэвэрлэх, цэвэрлэснээ дахин ашиглах зарчмыг бодитоор хэрэгжүүлж байгаа юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here