Н.Учрал: Хүнд суртлын сүлжээний үнэнийг дэлгэж байгаа иргэн, сэтгүүлч, хүн бүхнийг “Чөлөөлье” төрийн бодлогоор өмгөөлөн хамгаална

170
УИХ-ын дарга Н.Учрал өөрийн санаачилсан хуулийн төслийг өргөн барьж, чуулганы индерээс тайлбар хийлээ. 
УИХ-ын дарга Н.Учрал:
“Чөлөөлье” санаачилгаа төрийн бодлого болгон, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, зөрчсөн хууль, журмын чөдрийг тайлах болно.
Эдлэх ёстой эрхийнхээ төлөө тэмцэж, хүнд суртлын сүлжээний үнэнийг дэлгэж байгаа иргэн, сэтгүүлч, хүн бүхнийг “Чөлөөлье” төрийн бодлогоор өмгөөлөн хамгаална гэдгээ зарлаж байна.
Талхныхаа мөнгийг олъё, ашиг орлогоо нэмье, амьдрал ахуйгаа өөд татъя гэсэн иргэнээ элдэв шалтаг тоочиж, ийш тийш ахин дахин гүйлгэдэг, эрээн алаг цаас нэхдэг, зовоож чирэгдүүлдэг, хааж боодог, загнаж зандардаг, машин тэргээр нь зөөлгөдөг, дайлуулж цайлуулдаг, авлига хахууль нэхдэг нь үнэн.
Хүний хүслийг хяссан, хүнд суртлын хана хэрэм босгож, авлига хахууль нэхэж дээрэмддэг нь бодит үнэн.
Найман нэрийн дэлгүүр нээх гээд 4 сар хөөцөлдөөд бүтэхгүй эцэст нь 3 саяын хахууль өгөөд ч зөвшөөрлөө гар дээрээ авч чадаагүй байгаа гэдгээ хэлсэн бүсгүйг үнэн үгийнх нь төлөө өнөөдөр дарамталж байна.
Xууль зүйн бодлогын зөвлөхөө илгээж тэр иргэнтэй уулзуулсан. Дарамт шахалтанд орсон эмэгтэй ярилцлагыг минь устгаад өгөөч гэж гуйж байна.
Малын ахмад эмч шалгах бүрдээ 100 гаруй төрлийн бичиг цаас шаарддаг, тусгай зөвшөөрлөө 5 жил бүр сунгуулах болгонд заавар зөвлөгөө өгөх бус заавал өө хайж торгодог, ийм байхад хөдөө малын эмч олдохгүй гэж ярьж байна.
Зургаан нэрийн дэлгүүрээ найман нэрийн дэлгүүр болгоход галын аюулгүй байдал, ажлын байрны дүгнэлт гэх мэт алга дарам цаас бүр үнэ ханштай, кадастрын зураг мэдэхгүй газрын албаны мэргэжилтэнд тайлбарлаж ойлгуулахад хүрдэг гэж бас нэг иргэн баталж хэлээд, хавтас дүүрэн цаас, боть ном шиг зузаан бичиг баримт үзүүлж байна.
Зөв биш буруу болсон, зөвшөөрлийн биш буруутгалын болсон тогтолцооны хохирогч нь эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүй байгаагаас болж улсаараа, эдийн засгаараа, бүгдээрээ хохирч байна.
Энэ бол хуулиар 22 хоногт багтаан олгох ёстой зөвшөөрөл эрээд олддоггүй эрдэнэ болсон нь авилгын сүлжээ, хориглолтын системийн хор уршиг юм.
Төр гайхамшиг бүтээхгүй учраас гай болох ёсгүй.
Эрх чөлөөт иргэн өөрийн сонгож байгуулсан төрийн өмнө эрхээ эдлэх гэж гуйж гудайх ёсгүй.
Эрх чөлөө бол хэн нэгний өгдөг баярын бэлэг биш. Эрх чөлөө бол эрх мэдэлтний өгдөг эд зүйл биш. Эрх чөлөө бол иргэн бүрийн хайрлан хамгаалж, хамтдаа тэмцэж олдог эрхэм нандин зүйл.
Хүн чанаргүй хүнд суртлаас хүнээ чөлөөлөхийн төлөө хамтдаа тэмцье!
Иргэнээ хүнд суртал, дүрэм журмын түгжээнээс чөлөөлье.
Эрх чөлөөний нар хэн бүхийг алагчлалгүй ивээх болтугай!

хариулах

Please enter your comment!
Please enter your name here