Дүүжин замын тээвэр төслийг БНФУ-ын “Пома” групп гүйцэтгэж, бүх тоноглолыг Франц улсаас нийлүүлж буй. Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй тус төслийн тоног төхөөрөмж, эд материалыг үе шаттайгаар импортолж, нэгдүгээр сарын 13-ны өдөр 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгажээ. Дүүжин замын тээврийн кабиныг ухаалаг, аюулгүй системээр тоногложээ.

Энэхүү кабиныг “Пома” группийн охин компани болох SIGMA-д үйлдвэрлэж, бүтээгдэхүүний стандарт, чанар, найдвартай байдал, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр нийлүүлж буй аж.
Пома группийн SIGMA үйлдвэр нь кабин үйлдвэрлэлийн туршилтыг хийхдээ 24 цагийн турш усаар шүршин ус нэвчилт байгаа эсэхийг шалгадаг бөгөөд кабины хаалга нээж, хаах ажиллагааг нарийвчлан шалгадаг. Түүнчлэн хаалга хаагдах үед хүний гар гэмтээх эрсдэл үүсэх эсэхийг даралт хэмжигч багажаар хэмжиж, хаалтын хүчийг килоньютнээр тодорхойлон тохируулдаг байна. Кабин – кабелийн хавчаар механизм нь автомат болон механик давхар түгжээтэй тул ашиглалтын явцад салж, мултрах эрсдэлийг бүрэн арилгадаг байна.

Кабины хийцлэлд хөнгөн цагаан хайлш, бат бөх ган материал ашиглан, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цохилтод тэсвэртэй, бутарсан ч аюул учруулахгүй тусгай шил суурилуулдаг. Хаалга нь хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн автоматаар түгжигдэж, зөвхөн буудал дээр бүрэн зогссон нөхцөлд нээгддэг ухаалаг системтэй. Мөн салхи, цаг уурын өөрчлөлтийг хянах мэдрэгчүүд суурилуулсан. Салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл систем автоматаар хурдыг багасгах эсвэл бүрэн зогсох горимд шилжинэ.

Э.Энхбат: Дүүжин тээврийн систем нь олон түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай
Дүүжин замын тээвэр төслийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Э.Энхбат “Дүүжин тээврийн систем нь олон түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай. Цахилгаан тасарсан нөхцөлд ч нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллах боломжтой.
Онцгой нөхцөл үүсэхэд зорчигчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлэх тусгай төлөвлөгөө, аврах тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу бэлэн байлгадаг. Эдгээр шийдлийг Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн системд бүрэн нэвтрүүлнэ” гэлээ.
Аюулгүй байдлын шийдлүүд нь зөвхөн зураг төслөөр хязгаарлагдахгүй, ашиглалтад оруулахын өмнө нарийн шалгуур бүхий олон шатны туршилтаар баталгаажуулах юм. Тодруулбал, Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн төслийн хувьд нэг кабинд 10 зорчигч суух боломжтой. Тиймээс стандарт жинтэй элс зэргээр орлуулан 850 кг-тай дүйцэх жинг байршуулж, нийт гурван сарын хугацаанд шат дараалсан туршилтыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээврийн кабинуудад халдаг сандлыг шийдэж өгсөн. Ингэснээр өвлийн улиралд ч зорчигчид дулаан тухтай зорчих боломжтой болно.


















