Тэрээр,
-Мийн овгийн жижиг муурын хүрээнд төрөл (Otocolobus- төрлийн шинжлэх ухааны нэр)-ийн ганц зүйл нь мануул юм. Ази тивийн хуурай гандуу бүс нутагт уудам газар оронд тархан оршдог хэдий ч, дэлхийн дайд түүний үржлийн насны бүдүүн бодгалийн тоо 58.000 орчим хэмээх тоон үнэлгээ бий (Ross et al., 2020).
Энэ зэрлэг зүйл муур монгол орны хөвчин ойгоос бусад бүх биом, өндөр уулын ландшафт, элдэв ялгаатай экосистемийн хад чулуут амьдрах орчин, тарваганы дош нүх шүтэн орогнож, үр удмаа бойжуулан, хааяагүй амьдардаг.
Төв Монголын хээрийн экосистемд хийсэн судалгааны үр дүн (Anile et al., 2021)-гээс үзэхүл, тэдний нягтшлын үзүүлэлт: 100 ам дөрвөлжин км талбайд 15.2+- 4.8 бодгаль оногдоно. Түүнчлэн, дурдсан бүс нутагд бүдүүн эм мануулын идээшил нутгийн хэмжээ 7.4- 125.2 ам дөрвөлжин км бол эр мануулын хувьд энэ үзүүлэлт: 20.9- 207.0 ам дөр. км талбайг эзлэн оршдог (Ross et al., 2012) ажээ.
Тэдний идээшил газрын хэмжээ мэдээж хэрэг мануулын сорчлон иддэг гөрөөл амьтны элбэгшлээс хамаарна.
Дорнод Монголд (Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг) үлийн цагаан оготны популяцийн хэмжээ олшрох үед мануулын идэш тэжээлийн 82.6- 89.9 хувийг дурдсан зүйл оготно бүрдүүлдэг (мануулын баасны шинжилгээний үр дүн) гэдгийг судлаачид (Otgonbayar & Buyandelger, 2021) тогтоожээ.
Энэ судалгааны баримтаас үзэхүл үе үе давтамжтай хэт олширдог үлийн цагаан оготны тоо толгой, нягтшлыг зохицуулахад энэ муурын үүрэг тун чухал аж. Харин мануул тархан амьдардаг хил залгаа оршдог бусад бүс нутагт жишээ нь, Өвөр Байгал (Kirilyuk, 1999), Төвөдийн тэгш өндөрлөг (Hacker et al., 2022), Төв Монголын хээрийн экосистемд (Ross et al., 2010b) тухайн газар тархан амьдардаг огдойн зүйлүүд үндсэн идэш тэжээлийн бүрдэлд зонхилдог.
Монгол орны умард говийн цөлжүү хээрийн экосистемд мануулын гөрөөл амьтад нь гол төлөв алагдаахайн овгийн төлөөлөл, элдэв зүйл чичүүл (Murdoch et al., 2006) байдаг.
Төв Монголын хээрийн экосистемд дагуур огдойн нягтшил хэлбэлзэх хэдий ч, мал бэлчээрлэлтийн эрчим, ургамлын арви, зүйлийн олон янз байдлаас илүү хамаардаг нь ажиглагддаг.
Мануулын хорогдолд өдрийн болон бүрэнхий шөнийн ангууч шувууд, чоно, үнэг, хярс, малтай айлын нохойн халдлага, анчдын хөнөөл тэргүүлэх оролцоотойг Төв Монголд хийсэн судалгааны үр дүн (Ross, 2009) илтгэдэг. Түүнчлэн, үлийн цагаан оготны эсрэг хэрэглэдэг химийн хөнөөгч хорт бодис бромадиолон болон салмонелла бактертай хавсран хэрэглэдэг бэлдмэл мануулд хөнөөлтэйг дурдах нь зүйтэй.
Мануул агнаж, алга дарам үстэй арьсыг арав, хорин мянган төгрөгөөр арилжихын оронд үлийн цагаан оготно, монгол чичүүл, дагуур огдойн тоо толгойг тэднээр дамжуулан, байгалийн аргаар зохицуулга хийхийг тэтгэж байвал тун зохистой. Тарвага агнахгүй байвал түүний эзэнгүй дош нүхэнд мануул дуртаяа орогноно.
Малчид төрж, өссөн нутгийн байгалийн системийн функциональ үйл ажиллагааг тэтгэхийн зэрэгцээ мануулын зураг авах хүсэлтэй жуулчин татаж, сая саяар орлого олох бодит боломж бий шүү.
Хамгаалан- ашиглах үзэл баримтлалын нэг хэлбэр бол мануулын гэрэл зургийн аялал жуулчлал байх боломжтой!
Дүрс: Мануул, Төв Монголын хээрийн экосистем, 2025.11.25

















