З.Батбаяр: Туул гол бол Улаанбаатарчуудын ч биш Монголын амин сүнс
Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” төсөл нь зөвхөн дэд бүтцийн асуудал төдийгүй байгаль орчин, усны нөөц, хууль эрх зүйн зохицуулалт зэрэг олон талт асуудлыг хөндөж байна. Ялангуяа Монгол Улсын гол мөрний экосистем, түүний дотор ТУУЛ ГОЛЫН хамгаалалт, ашиглалт нь олон нийтийн анхаарлын төвд орж буй энэ үед Усны газрын байр суурь чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Монгол Улсын Усны газрын дарга Э.БАТБАЯРтай ярилцлаа.
– ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ төслийн хүрээнд усны дүгнэлт, зураг төслийн асуудал одоогоор ямар шатандаа явж байна вэ?
– Одоогийн байдлаар бидэнд ирсэн зураг төсөл нь өнгөрсөн оны 12 дугаар сард танилцуулагдсан хувилбар юм. Тухайн үед мэргэжлийн байгууллагын зүгээс тодорхой шүүмжлэл, санал дүгнэлтүүдийг өгсөн. Үүний дараа нийслэлийн зүгээс зураг төслийг шинэчилж, сайжруулна гэж мэдэгдсэн.
Гэвч өнөөдрийг хүртэл шинэчилсэн зураг төсөл албан ёсоор ирээгүй байна. Ийм нөхцөлд Усны тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бид усны байгууламжийн зураг төсөлд дүгнэлт гаргах боломжгүй, хүлээлгийн байдалд байна.
– Зарим мэдээллээр төслийн ажил эхэлсэн гэх ойлголт олон нийтийн дунд байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
– “Ажил эхэлсэн” гэх ойлголт олон янзаар тайлбарлагдаж болзошгүй. Манай байгууллагын ойлгож байгаагаар, төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд тодорхой кемп байгуулах ажил эхэлсэн. Тухайлбал, Дулааны IV цахилгаан станцын үнсний далан байсан талбайд түр байрлах кемп байгуулах, бага хэмжээний ус ашиглах асуудалд холбогдох зөвшөөрлийг бид олгосон. Харин энэ нь үндсэн барилга угсралтын ажил эхэлсэн гэсэн үг биш юм.
Өөрөөр хэлбэл, голын татамд шууд барилга угсралт эхэлсэн талаар манайд албан ёсны мэдээлэл ирээгүй, тиймээс бид дүгнэлт өгсөн, эсвэл зөвшөөрсөн гэж хэлэх үндэслэлгүй.
– ТУУЛ ГОЛЫН орчимд төлөвлөж буй замын трасс, ялангуяа гүүрэн байгууламжийн талаар ямар асуудал хөндөгдөж байна вэ?
– Бидэнд танилцуулсан өмнөх зураг төслөөс харахад нийт 32 км урт замын 11 км нь ТУУЛ ГОЛЫН татамд хамаарч, ихэнх хэсэг нь гүүрэн байгууламж хэлбэрээр төлөвлөгдсөн байна.
Ер нь гүүрэн байгууламжийг бид бүрэн хориглодоггүй. Гэхдээ зөвхөн голыг хөндлөн гатлах гүүр (жишээ нь, ЗАЙСАНГИЙН гүүр) нь байгаль орчны хувьд харьцангуй зөв шийдэлд тооцогддог. Харин уртын дагуу олон километр үргэлжлэх, олон тулгуур баганатай гүүрэн байгууламж нь голын урсацад нөлөөлөх, усны түвшин, хурд, чиглэл өөрчлөгдөх, үерийн эрсдэлийг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагавартай байж болзошгүй.
Жишээлбэл, Усны газарт ирүүлсэн зургаар 500 метр тутамд 6 багана байршуулна. Энэ нь яг голын татам дотор 11км үргэлжилнэ. Энэ тооцооллоор 300 орчим том багана Туул голд байршуулах юм билээ. Харин тэр баганаа шууд цементлэх үү, үгүй юу, ямар өргөнтэй байх вэ гээд маш их мэдээлэл дутуу байна. Энэ нь гидрологийн нарийвчилсан судалгаа шаардсан маш эмзэг асуудал юм.
– Усны байгууллагын зүгээс ийм төрлийн төсөлд ямар үүрэгтэй оролцдог вэ?
– Усны тухай хуулийн дагуу манай байгууллага:
Усны нөөц, гол мөрний хамгаалалтыг хангах
Усны байгууламжийн зураг төсөлд мэргэжлийн дүгнэлт гаргах үүрэгтэй.
“Хамгаална” гэдэг нь зарим тохиолдолд бүтээн байгуулалтын эсрэг байр суурь илэрхийлэх шаардлагатай болдог гэсэн үг. Гэхдээ энэ нь хөгжлийг зогсоох биш, харин сөрөг нөлөөллийг бууруулах, зөв шийдэлд хүргэх зорилготой.
– ТУУЛ ГОЛЫН ач холбогдлын талаар та онцлон дурдвал?
– ТУУЛ ГОЛ бол зөвхөн нийслэлийн асуудал биш, Монгол Улсын хэмжээнд стратегийн ач холбогдолтой усны эх үүсвэр. ТУУЛААС ОРХОН ГОЛ, түүнээс цааш СЭЛЭНГЭ мөрөн шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, нэг голын өөрчлөлт цаашлаад бүхэл бүтэн усны системд нөлөөлдөг.
Тиймээс аливаа шийдвэрийг зөвхөн нэг хэсэг дээр бус, голын урсацын дагуу бүхэлд нь авч үзэх шаардлагатай.
– Төслийг хэрэгжүүлэх боломжит зөв шийдлийг та хэрхэн харж байна вэ?
– Миний хувьд ТУУЛ ГОЛЫН дагуух үерийн хамгаалалтын даланг түшиглэн хурдны зам байгуулах санааг дэмждэг. 1966 оны их үерийн дараа баригдсан хамгаалалтын даланг өргөтгөж бэхжүүлээд, дээр нь авто зам барих нь байгаль орчинд харьцангуй ээлтэй шийдэл гэж үзэж байна. Харин одоогийн байдлаар зарим хэсэгт далан устсан, замын трасс татам руу орж байгаа нь анхаарал татаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.