Профессор О.Сүхбаатар: Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуул гэж Чингис хаан элч явуулахдаа хэлсэн байдаг
Газарзүйч, Профессор О.Сүхбаатартай бид Туул голын түүх, ач холбогдол, газарзүйн онцлогийн талаар ярилцлаа.
Та "гурван мөрний эх ямагт дархан байх ёстой" гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Энэ талаар тайлбарлаж өгөөч?
-Монголын нууц товчоонд “гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуул” гэж Чингис хаан хэлсэн байдаг. Бид “Гурвангол” гэж ярьж заншаад байгаа боловч Нууц товчоонд “Гурван гол” гэж байхгүй, 3 мөрөн, 3 мөрний эх л гэж гардаг.
Гурван мөрөн гэдэгт Хэрлэн, Туул, Онон орно. Нууц товчоонд Хэрлэн, Онон хоёрыг дандаа “мөрөн” гэж өргөмжилсөн байдаг. Энэ нь тухайн үеийн монголчуудын газарзүйн мэдлэг өндөр байсныг харуулж байгаа юм.
Гурван мөрний эх гээд Хэнтийн уулаа маш их хүндэлдэг байсан. Туулыг нэг удаа “гол” гэж дурдсан байдаг ч бусад тохиолдолд “Туул” гэж 7–8 удаа нэрлэсэн байдаг.
Гурван мөрний эх гэхээр бид зөвхөн Хан Хэнтий уулыг ойлгоод байна. Гэтэл Нууц товчоонд “Бурхан халдун” гэдэг нэр 28 удаа гардаг бөгөөд үүнд Хэнтийн нуруу бүхэлдээ хамаарна.
Энэ гурван мөрний эх нутаг бол язгуурын монголчуудын голомт нутаг. Тийм учраас Чингис хаан “бусдыг бүү нутаглуул” гэж захиж байсан.
Манайхан орчин үед үүнийг Бурхан халдун ууланд “бусдыг бүү зорчуул” гэж гуйвуулж ойлгоод байна. Өөр нутгийн хүн ирэхгүй, үзэхгүй бол энэ газар нутгийг магтан дуулах, гайхах хүн байхгүй шүү дээ.
Монгол Улс 3.5 сая хүн амтай атлаа 3500 лиценз олгосон байна. Дэлхий дээр ийм олон уурхай байгуулахыг зөвшөөрсөн улс бараг байхгүй. Тэгэхээр “Гурвсан мөрний эхэнд бусдыг бүү нутаглуул” гэдэг нь нэг талаараа уул уурхай бүү оруулаарай гэсэн утга ч агуулж байна.
Гурван мөрөн бол тунгалаг устай, тасралтгүй урсгалтай гол мөрний тод жишээ. Олон төрлийн ан амьтан, эмийн ургамалтай. Энэ нутагт гадныхан орж ирээд нутагласан түүх байхгүй.
Бурхан халдунаас эх авдаг Хэрлэн мөрөн бол эцэг мөрөн, Онон мөрөн бол эх мөрөн, Туул гол бол охин, дагина гэсэн домог бий.
Туул гол “3 уралдуур” гэдэг гурван булагаас эхэлдэг. Ойрхон гурван булаг дээрээс гарч, уралдаж байгаа мэт нийлж Туул гол үүсдэг. Туул гол хамгийн тунгалаг устай гол. Намар хамгийн тунгалаг байдаг.
Туул гол дээгүүр хурдны зам барих гэж байгаа нь зөв үү?
Монголчууд Туул голдоо хурдны замын багана барина гэж байна. Дэлхийн аль ч улс оронд хотын дэргэдэх гол мөрөн маргаан дагуулдаг. Зарим улсад дайн, иргэний зөрчил ч үүсч байсан тохиолдол бий.
Аль ч улс хотынхоо дэргэдэх голыг хашиж, далан тавьдаг. Үүний зорилго нь:
1.Үерээс хамгаалах
2. Амралт, сувиллын бүс бий болгох
3. Зам, дэд бүтэц хөгжүүлэх
Зам тавих нь тодорхой хэмжээгээр байгальд нөлөөлнө. Гэхдээ зам нь өөрөө дараа нь хамгаалалтын шугам, далан болж хувирдаг. Гол нь үүнийг зөв хийх нь хамгийн чухал. Олон улсын туршлагыг харж, судалж байж хийх ёстой юм.
Туул гол дээгүүр манайхан далан барьсан. Тэр даланг засаж, янзалсан бол одоогийн ийм маргаан гарахгүй байсан. Бусад улсууд далан дээгүүрээ зам тавьдаг.
Одоо энэ замыг яаж тавих гэж байгааг мэдэхгүй байна. Бүтээн байгуулалтыг нэг байгууллага нууцалж байгаад ганцаараа хийх гэдэг нь хамгийн бүдүүлэг арга шүү. Төлөвлөгөө, төлөвлөлтөө хйиж байхдаа мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой.
Гэвч манайхан байгууллагын нууц, миний санаа гэх мэтээр өөрсдөө дарж байгаад гэнэт гаргаж ирж байна. Мэргэжилтнүүдээр заавал үзүүлдэг байх ёстой.
Мөнгө цавчигчид бол хэтэрхий олон хүнд үзүүлэхээс залхаж, худлаа яриад өөрсдөө хийх гээд байгаа юм.
1966 оны үерийг Туул голтой холбож тайлбарладаг. Гэвч энэ үерт Туул гол гэхээс илүү Сэлбэ, Улиастайн голууд маш их үерлэсний улмаас ойр орчмын хүмүүс амь насаа алдаж, их хэмжээний хохирол гарсан. Туул гол 3-4 дахин үерлэдэг бол Сэлбэ, Улиастай голууд байгаагаасаа 10 дахин нэмэгдэж үерлэдэг. Тиймээс дээрх асуудалд энэ хоёр голыг ч хамтатгаж авч үзэх ёстой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.