СГЗ Золиолч Б.Шүүдэрцэцэг: Ийм сайхан байгалийн тогтцыг хулгайн төслөөр сүйтгүүлэхгүй
СГЗ Золиолч Б.Шүүдэрцэцэг Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөнийг идэвхитэй дэмжин, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж буй. Энэ удаад Хатан Туулаа хамгаалъя жагсаалд ирэх үеэр нь байр суурийг нь сонслоо.
СГЗ Золиолч Б.Шүүдэрцэцэг:
-Намайг хүүхэд байх үеэс л Улаанбаатар хот маань хавар болохоор шороогоор шуурдаг байлаа. Өвлийн утаанаас салахтай зэрэгцээд л ногоон байгууламж багатайн улмаас тоосжилтын улирал эхэлдэг. Гэтэл байгаль эх бидэнд нийслэлийнхээ дундуур урсах Туул голыг дагасан уудам ногоон зурвасыг бэлэглэсэн байдаг.
Өнгөрсөн долоо хоногт бид Туулын эргээр явлаа. Зарим хүмүүс үүнийг ердөө л "шүүрний бургас" хэмээн өнгөцхөн дүгнэж байна. Гэвч энэ бол зүгээр нэг бургас биш, хэдэн зуун жилийн настай улиас, хайлаас, улиангар, монос, цаашлаад үрээр тарьсан чацаргана хүртэл ургадаг байгалийн маш том, үнэ цэнтэй шугуй юм.
Тиймээс энэхүү хосгүй тогтоцыг "Хурдны зам" нэрийн дор хэрэгжих гэж буй хулгайн төслөөр сүйтгүүлэхийг бид хэрхэвч зөвшөөрөхгүй.
Хоёрдугаарт, энэ нь зөвхөн байгаль экологийн асуудал биш бөгөөд эдийн засгийн хувьд ч маш эрсдэлтэй алхам юм. Хэрэгжих боломжгүй, үр ашиггүй томоохон төслүүдээсээ үүдэн асар их өр зээлэнд орж, эдийн засаг нь дампуурсан Шри-Ланк улсын гашуун туршлага бидний нүдэн дээр байна. Харамсалтай нь, Монгол Улс яг энэ замаар уруудаж байна.
Түүнчлэн, байгалийн унаган тогтоц дээр гүүрэн болон хурдны зам барьсныхаа алдааг ухаарч, буцаагаад нураасан олон улсын жишээ цөөнгүй бий. Тухайлбал, Энэтхэгийн Мумбай хот байгаль орчинд сөрөг нөлөөтэйн зэрэгцээ ашиглалтын зардал хэт өндөр байсан тул ийм төрлийн замаа нураасан байдаг. Энэ нь их засвар хийж, арчилж торгоохоос илүү нураах нь эдийн засагт хэмнэлттэй болохыг баталсан хэрэг юм.
Гуравдугаарт, олон улсын геополитикийн хурцадмал байдал, тэр дундаа Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс шалтгаалан шатахуун, түлшний хувьд гадаадаас бүрэн хамааралтай манай улсын эдийн засаг, төсвийн нөхцөл байдал цаашид улам хүндрэх нь тодорхой боллоо.
Иймд байгаль экологи, эдийн засаг болон гадаад нөхцөл байдал гэсэн эдгээр гурван ноцтой шалтгааны улмаас би энэхүү төслийг эрс эсэргүүцэж байна. Энэхүү буруу шийдвэрийг бүрмөсөн зогсоох хүртэл тууштай тэмцэх болно.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.